Хөрөнгийн зах зээл
4 min read
Хиймэл оюун ухаан болон чипний салбарын ерөнхий дүр зураг

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ-ын эдийн засгийн уналтын удаашрал.

2. Үйлдвэрлэгчдийн үнийн индексийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ? .

3. Хиймэл оюун ухаан болон чипний салбарын ерөнхий дүр зураг.

1. АНУ-ын эдийн засгийн уналтын удаашрал.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар АНУ-ын инфляцын өсөлтийн хүлээлт нэмэгдэж эдийн засгийн өсөлтийн индекс бага зэрэг уналт ажиглагдаж эхэллээ. Зах зээл дээрх мөнгөн урсгал хэвийн тогтвортой байна.

Харин Европын инфляцын түвшин тогтвортой, эдийн засгийн өсөлт хурдацтай хэвээр үргэлжилж байна.

Image

2. Үйлдвэрлэгчдийн үнийн индексийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Одоогоор АНУ-ын үйлдвэрлэгчдийн ашиглаж буй бараа материалын ихэнх нь тариф ногдоогүй, тариф хэрэгжихээс өмнөх үед нөөцөлсөн бараа материалууд байгаа. Гэсэн ч 7 сарын үйлдвэрлэлийн үнийн индекс өсөлттэй гарсан бөгөөд энэ нь ирэх онд ч үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа юм. Үйлдвэрлэгчдийн дунд бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа нь хэрэглэгчдийн үнийн индекс ирээдүйн өсөх дохио юм.

Ийм макро эдийн засгийн орчинд хөрөнгийн оновчтой хуваарилалт хийхийн тулд бодит хүү багатай орчин, өсөлтийн дахин эрчимжилт, стратегийн чухал түүхий эдтэй холбоотой уул уурхай, металлургийн компаниудад анхаарах шаардлагатай.

Үйлдвэрлэгчдээс “Таны одоогийн бараа бүтээгдэхүүний хэдэн хувьд нь 2025 оны худалдааны бодлогын нэмэлт тарифын өөрчлөлт нөлөөлөнө гэж тооцоолж байна вэ?” гэсэн асуултад дараах байдлаар хариулжээ.

Image

Доорх график 3б-д үзүүлснээр АНУ-ын эдийн засагт дахин инфляц үүсэх магадлал өндөр байгааг харуулж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн идэвхжлийн индекс 55-аас дээш өсөх магадлалтай бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой секторт өсөлт авчрах боломжтой (график 3а) гэдгийг онцолж байна.

Салбаруудын мэдрэмж үйлдвэрлэлийн идэвхжлийн индексийн өсөлтөд хэрхэн хариу үзүүлэх вэ?

График 3а үзүүлснээр хэрвээ ISM Manufacturing 58 хүртэл өсвөл аль секторт хамгийн өндөр өгөөж авчрах вэ гэдгийг харуулж байна.

• Бета утга нь ISM өсөхөд тухайн салбарын хувьцааны өгөөж хэр мэдрэг болохыг илтгэнэ. Жишээ нь: Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, технологийн, материал, санхүүгийн салбарууд хамгийн өндөр мэдрэмжтэй.

• Spread нь одоогийн өгөөж (YoY) болон загварчилсан өгөөж (Implied YoY) хоорондын зөрүүг харуулж байгаа. Жишээ нь: Materials салбарын хэт доогуур үнэлгээтэй байгааг харуулж байна. Харин Utilities нь аль хэдийн хэт их үнэлэгдсэн байна.

Image
Image

3. Хиймэл оюун ухаан болон чипний салбарын ерөнхий дүр зураг

Өнгөрсөн 7 хоногт Open AI-ийн гүйцэтгэх захирал Sam Altman оюун ухааны трендийг аль хэдийнээ хөөс үүсгэсэн байгаа талаар дурдаж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлыг Dot-Com-ийн уналттай харьцуулан ярьсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлээд байгаа юм.

Image

Мөн үүний араас NVIDIA компанийн тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд компанийн тайлан сайн гарсан ч тус компани Хятад руу экспорт хийх зөвшөөрлөө АНУ-ын Засгийн Газраас авсан ч тайлант хугацаанд ямар ч дэвшилтэт чип(H20) Хятад руу экспорт хийгээгүй гэдгээ зарласан нь хөрөнгө оруулагчдын хувьд муу мэдээ байв.

АНУ-ын засгийн газраас өөрсдийн технологийн давуу байр сууриа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухаанд зориулсан, дэвшилтэт чипүүдийг Хятад руу нийлүүлэхийг хориглоод байгаа нь богино хугацаандаа Хятадын технологийн салбарт дарамт үүсгэж болох ч, урт хугацаандаа тэдэнд бие даасан байдлыг бий болгох хандлагатай юм.

Өнгөрсөн баасан гарагт Alibaba компанийн улирлын тайлан гарсан бөгөөд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 78%-ийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд шинэ хиймэл оюун ухааны чип хөгжүүлж байгаагаа зарласан. Ийнхүү хувьцааны ханш New York-ийн хөрөнгийн бирж(NYSE) дээр 12.9%-ийн өсөлт үзүүлжээ. Үүнээс харахад Хятадын технологийн компаниуд аль хэдийнээ бие даасан байдал руу тэмүүлээд эхэлснийг харуулж байна.

Дүгнэлт:

Сүүлийн саруудад эдийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байсан ч, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Үүний зэрэгцээ, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн салбарын огцом өсөлт хөрөнгийн зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэсэн нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхой хэмжээний болгоомжлол үүсгээд байна. Түүнчлэн, NVIDIA болон Alibaba зэрэг голлох компаниудын санхүүгийн тайлангуудын дараа хөрөнгө оруулагчдын анхаарал Ази, тэр дундаа Хятадын эдийн засгийн зүг чиглээд байна.

Image