Хөрөнгийн зах зээл
4 min read
АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 87.91% буюу нийт 226 ширхэг хувьцаа эзэмшигчид хуралд оролцлоо. Тухайн компанийн борлуулалтын орлого нь ₮1.3 их наяд хүрч өмнөх жилтэй харьцуулахад 20.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нийт цэвэр ашгийн хэмжээ ₮193 тэрбум байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад 65%-ийн өсөлтийг үзүүлсэн байна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлтийн харахад:

• цэвэр борлуулалтын орлого 28%

• цэвэр ашиг 21.4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Image

Компанийн нийт орлого, цэвэр ашиг ихээр нэмэгдсэн ч нийт борлуулалтын тоо хэмжээ нь өмнөх онтой ижил 171 сая литр байгаа шалтгаан нь тухайн компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаа бууруулж, илүү өндөр маржинтай бүтээгдэхүүнүүдийнхээ борлуулалтыг өсгөх тал дээр төвлөрч ажилласан хэмээн тайлбарлалаа.

Image

Нийт зардал

2024 оны үйл ажиллагааны зардал нь 25% орчим, борлуулалтын өртөг 9% орчмоор нэмэгдсэн байна. Компанийн борлуулалтын орлого өссөнтэй зэрэгцэн борлуулалтын өртөг нэмэгдсэн хэдий ч борлуулалтын тоо хэмжээ нь нэмэгдээгүй байгааг дүгнэвэл:

• Компани нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани учир инфляцаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн байх боломжтой.

• 2024 онд өнгөрсөн онтойгоо харьцуулахад маркетингийн зардал 21%-иар өссөн нь компанийн зүгээс өндөр маржинтай бараа бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхөд төвлөрөн ажилласантай холбоотой юм.

Image

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

Тус компанийн талаас илүү хувийг Шунхлай Групп эзэмшдэг бөгөөд 12.8%-ийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. 2023 онд Steppe Beverage KFT нь нийт хувьцааны 10.55%-ийг эзэмшиж байсан бол 2024 онд эзэмшлийнхээ тоо хэмжээг бууруулж 5.6% хувь болгожээ.

Image

Ногдол ашиг

Компанийн хувьд 2005 оноос хойш ногдол ашиг хувиарлаж эхэлсэн бөгөөд 2020 оноос хойш жилд 2 удаа тараадаг болсон. Тэгвэл 2024 оны байдлаар нийт ₮127.6 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нь нэгж хувьцаанд ₮120 ногдож, өгөөж нь 12% байна.

Image

2024 оны онцлох үйл явдлууд

• АПУ ХК нь анх 1924 үүсгэн байгуулагдаад 2024 онд тухайн компанийн 100 жилийн ой тохиожээ.

• Heineken шар айргийг Монголд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэхүү шар айрагийг дэлхийд нийтдээ 71 улс дотооддоо үйлдвэрлэдэг юм байна.

• 2023 оны байдлаар нийт 12 улсад экспортын үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд хүрээгээ тэлж Болгар болон Сингапур улсад бараа бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх ажлыг эхлэн экспортын үйл ажиллагаагаа тэлсээр байна.

• Хоногтоо 800тн саарал усыг дахин боловсруулах хүчин чадалтай хаягдал ус боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхлэв.

Ирээдүйн хэтийн төлөв

• “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратеги 2030 төслийг компанийн хүрээнд хэрэгжүүлэх

• 2025 онд дижитал засаглалтай болох хүрээнд нийт ₮80 тэрбум орчмын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа

• “АПУ Дэйри ХХК”-ийн хүрээнд ₮160-170 тэрбумыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зарцуулна гэсэн дээрх зүйлсийг дурдлаа.

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ

Мөн АПУ ХК-ийн хувьд компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ нь 2024 оны I хагасаас II хагасдаа сайжирч 94.4%-д хүрсэн нь MХБ-д бүртгэлтэй комданиудаас IV байранд эрэмбэлэгдэж байгаа юм байна.

Дүгнэлт

АПУ ХК-ийн хувьд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагддаг хүнсний компаниудаас хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компани билээ. 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын хүрээнд компанийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны талаар тайлагнахдаа тогтвортой өсөлттэй, зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байгаагаа илэрхийлсэн.

2024 онд цэвэр ашгийн өсөлт нь 65% байсан нь сүүлийн 4 жилийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт байсан юм. Борлуулалтын хэмжээ өмнөх жилтэй ижил байсан ч цэвэр ашиг өндөр өсөлттэй байгаа нь компанийн үр ашигтай менежмент, зах зээлийн оновчтой бодлогын үр дүнг харуулж байна.

Гэвч хувьцааны ханш 4 сарын 24-ны байдлаар өмнөх оны мөн үеэс 7.4%-ийн бууралттай байна. АПУ ХК нь санхүүгийн үзүүүлэлтүүдээ тасралтгүй сайжруулж, ногдол ашгийн өгөөжөө хадгалж, зардал, борлуулалтийн орлогоо сайн удирдаж, зах зээлийн байр сууриа хадгалсаар байгаа учраас урт хугацаандаа хувьцааны үнэ эргэн өсөх боломжтой.

Image