
Ард Даатгалын 2025 оны хувьцаа эзэмшигчдийн хурал нь 4 сарын 29-ны өдөр 69%-ийн ирцтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын хүрээнд үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон ТУЗ-тай холбоотой нийт 7 асуудлын хүрээнд хэлэлцлээ.
Санхүүгийн байдлын үр дүн
Ард даатгал ХК-ний хувьд 2024 онд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 15.8%-иар өссөн бол даатгалын хураамжийн нийт орлого нь 2023 онтой харьцуулахад 39.5%-иар өссөн үзүүлэлтүүдтэй байна. Нийт даатгалын хураамжийн орлогын хамгийн их хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлж байгаа бол барилга угсралтын даатгалын хураамжийн орлого нь өмнө жилтэй харьцуулахад 3 дахин өсөлттэй байна.
2024 онд нийт даатгалын хураамжийн зардал нь 26.3% өсөж нийт нөхөн төлбөрийн зардал нь 39.5%-ийн өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нийт нөхөн төлбөрийн зардлын хамгийн их хувийг буюу 60%-ийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт ₮9.4 тэрбумыг зарцуулсан байна.
2024 онд цэвэр ашгийн хэмжээ 26.5% буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тус компанийн 2024 онд нөхөн төлбөрийн зардал нь дээрх графикт харуулсанчлан 39.5%-иар нэмэгдсэн нь нөлөөлсөн. Мөн борлуулалт, маркетингийн зардал нь ₮1.8 тэрбум буюу өмнөх жилтэй харьцуулахад 39%-иар нэмэгдсэнтэй тус тус холбоотой гэж үзэж байна.
Харьцаа үзүүүлэлтүүд
Хохирлын харьцаа буюу цэвэр нөхөн төлбөрийг хураамжийн орлогод харьцуулсан харьцаа нь нэмэгдэж 49% хүрсэн. Харин зардлын харьцаа болох үйл ажиллагааны зардлыг хураамжийн орлогод харьцуулсан харьцаа нь буурч мөн 49% болж буурсан байна.
Санхүүгийн байдлын тайлан
Ард Даатгал ХК 2024 онд нийт хөрөнгийн хэмжээ нь өмнөх оноос 15.8%-иар өсөн ₮51.1 тэрбумд хүрсэн. Тус компанийн хадгаламжийн хэмжээ нь өмнөх оноос 26.6%-иар, биет бус хөрөнгийн хэмжээ 69.7%-иар тус тус нэмэгдсэн нь эргэлтийн бус хөрөнгө 24.8%-иар нэмэгдүүлж нийт хөрөнгийн хэмжээнд нөлөөлжээ.
Мөн тухайн компанийн орлогод тооцоогүй хураамжийн нөөц өмнөх жилээс 17.3% нэмэгдсэн нь урт хугацааны өр төлбөрийг 20%-иар нэмэгдэхэд голчлон нөлөөлжээ.
Ногдол ашиг тараахгүй
Тухайн компани 2024 оны нийт ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг ТУЗ-аас гаргаж доорх 3 тайлбарыг танилцуулав.
• Ашиг орлогоо нэмэгдүүлж төлбөрийн чадвараа сайжруулах
• Эздийн өмчийг нэмэгдүүлэх
• Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх. Тус компани нь урт хугацаанд ашгаа нэмэгдүүлэх зорилготойгоор өөрийн оффистой болж түрээсийн зардлаа хасах төлөвлөгөөтэй байна.
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
Ард Даатгал ХК нь нийт 25 сая хувьцаатай 9500 орчим хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд одоогийн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээ нь ₮15.9 тэрбумын үнэлгээтэй байгаа юм. Нийт хувьцааны 56.7%-ийг Ард Санхүүгийн Нэгдэл эзэмшиж байгаа бол 43.3%-ийг иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Хурлын төгсгөлд Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн шууд болон хамаарал бүхий компаниудын эзэмшиж буй Ард даатгал ХК-ийн 50%-тай тэнцэх хувьцааг Өндөрхаан ХК-д ₮20 тэрбумаар үнэлэн худалдаж байгаагаа зарлан, хоёр талаас гэрээнд гарын үсэг зурцгаалаа.
2024 оны онцлох үйл явдлууд
• 2024 онд даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жил Ард даатгал компанийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиов.
• Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг харилцагчид цахимаар сунгах боломжтой болсон.
• Даатгалын нөхөн төлбөрийн хүсэлт илгээх болон даатгалын гэрээ сунгах үйлчилгээнүүдийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэдэг болсон.
• Ипотек, АОС зээлийн урьдчилгаа төлбөрт баталгааны даатгал нэвтрүүлсэн.
• Малын Индексжүүлсэн Даатгал (МИД)-аар нийт 696.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгов.
Ирээдүйд хэрэгжүүлэх ажлууд
• ISO 9001 стандартыг нэвтрүүлэн чанарын удирдлагын стандарт, гүйцэтгэлээ сайжруулах
• Хэрэглэгчдийнхээ ISO 27001 стандарт нэвтрүүлэх
• Investor Relationship (IR) буюу хөрөнгө оруулагчдаа халамжлах хөтөлбөрийг идэвхжүүлэх, сайжруулах
Дүгнэлт
Ард Даатгал ХК нь одоогоор 50 гаруй төрлийн даатгалын үйлчилгээг нийт 256 мянган харилцагчдад хүргэж байгаа нь дотоодын даатгалын салбарынхаа 9%-ийг эзэлж байна. Мөн Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн эзэмшлээсээ Өндөрхаан ХК-д зах зээлийн үнэлгээнээс 2 дахин өндөр үнээр зарж байгаатай холбоотойгоор ирээдүйд Ард Даатгал ХК-ийн стратегийн өөрчлөлтүүд хийдэх хүлээлттэй байна.