Хөрөнгийн зах зээл
5 min read
Хятадын эдийн засгийн өсөлтийн мөчлөг

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Хятадын эдийн засгийн мөчлөгийн шинэчлэлт.

2. Хөрөнгө оруулалтын зардал, хиймэл оюун ухааны салбараас бусад салбарт.

3. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байна.

АНУ-ын хувьцааны фьючерсийн зах зээл дээр спекуляторуудын байршуулалт (цэнхэр шугам) сүүлийн үед огцом “short” хандлагатай байгааг харуулж байна. Энэ нь зах зээлийн өсөлт (цагаан шугам — S&P индекс) үргэлжилж буй үед ч хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж, ханшийн уналтад мөрий тавьж эхэлснийг илтгэнэ.

Image

1. Хятадын эдийн засгийн мөчлөгийн шинэчлэлт.

Хятадын эдийн засгийн мөчлөг сүүлийн саруудад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа нь мөнгөний зөөлөн бодлоготой холбоотой. 2025 оны 8–9 дүгээр сарын гол макро үзүүлэлтүүд саармаг чиг хандлагатай байгаа ч бондын гаргалт огцом нэмэгдэж, мөнгөний урсгал тэлсээр байна. Энэ хандлага нь өмнөх хоёр зөөлөн мөчлөг болох 2015–2016 ба 2020–2021 онуудтай төстэй байна.

Засгийн газар эдийн засгийг дэмжих зорилгоор төсвийн болон мөнгөний бодлогоо илүү уян хатан болгож, арилжааны банкнуудын нөөцийн шаардлагын харьцааг(RRR) бууруулах хандлагатай байгаа. Инфляц 1.2–1.5%-д тогтвортой байгаа нь бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх нөхцлийг бий болгож байна.

Хятадын хөрөнгийн зах зээл, тэр дундаа технологийн салбар хүчтэй өсөлттэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүч зэрэг чиглэлд ихээхэн хөрөнгө оруулалт татагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

2025 оны эцэс гэхэд Хятадын эдийн засгийн өсөлт 4.8–5.0%-д хүрэх төлөвтэй бөгөөд үүнд дотоодын хэрэглээ, экспортын сэргэлт болон бүтцийн шинэчлэл дэмжлэг болох боломжтой. Гэвч үл хөдлөх хөрөнгийн салбар дахь өрийн дарамт болон геополитикийн тодорхойгүй байдал нь богино хугацааны сорилт хэвээр үлдэх төлөвтэй байна.

Image

2. Хөрөнгө оруулалтын зардал, хиймэл оюун ухааны салбараас бусад салбарт.

Томоохон улс, компаниуд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт, ялангуяа дата төвүүдийг барих, угсрахад их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөөр байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Oracle болон OpenAI-ийн хамтран байгуулсан гэрээ нь AI салбарын хувьд чухал эерэг үйл явдал болов. Oracle компани 2025 онд борлуулалтынхаа 37–38%-ийг хөрөнгө оруулалтын зардалд төлөвлөөд байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад  гурван дахин их зарцуулалт юм. Хөрөнгө оруулалтын гол чиглэл нь дата төвийн тоног төхөөрөмж болон хиймэл оюун ухаан, үүлэн технологийн хөгжүүлэлтэд зарцуулагдах юм.

Image

Сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт хурдацтай өсөж байгаа ч, үүний эсрэгээр бусад салбарууд дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгааг олон улсын судалгаанууд харуулж байна. Энэ нь голчлон олон улсын худалдааны бодлогын тодорхойгүй байдал, ялангуяа тарифын асуудалтай холбоотой байгаа бөгөөд зарим улс орнууд болон корпорацууд хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдээ хойшлуулах эсвэл түр хугацаанд зогсоох алхам хийж эхэлжээ. Тухайлбал, Германы Ifo институтийн судалгаагаар тус улсын компаниудын 30 орчим хувь нь АНУ-д хийх хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулсан бөгөөд гол шалтгаан нь экспорт, үйлдвэрлэлийн салбар дахь тарифын эрсдэлүүд юм. Үүнээс гадна, нийлүүлэлтийн сүлжээний саатал, хилийн татвар нэмэгдэх, экспортын хязгаарлалт, лицензийн асуудлууд нь компаниудын урт хугацааны хөрөнгө оруулалтын итгэлд сөргөөр нөлөөлж байна. Иймд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр зэрэг салбарууд богино хугацаанд хөрөнгө оруулалтын удаашралтай тулгарах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн уналтаас илүүтэйгээр улс төр, худалдааны орчны тодорхойгүй байдлын үр дүн гэж ойлгогдож байна.

Image

3. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байна

Сүүлийн үед ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдсан хүний тоо огцом өссөн нь зарим зах зээлийн ажиглагчдын анхаарлыг татаж, хөдөлмөрийн зах зээл суларч эхэлж байна гэх хандлагыг үүсгэсэн. Гэвч нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд энэ өсөлт үндсэндээ Техас мужид гарсан нэг удаагийн хэт өсөлтөөс болсон болох нь харагдаж байна.

Image

ISM Manufacturing PMI болон түр ажилчдын хөдөлгөөн (Temporary Help Services) хоёрын зүгээс хөдөлмөрийн зах зээл илүү эерэг дохио өгч байгаа бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь эдийн засгийн мөчлөгийн эхэн үеийн сэргэлтийн шинж тэмдэг болдог. Энэ нь ажил олгогчид тогтмол ажилтан авахаасаа өмнө түр ажилтан авч эхэлдэг хэв маягтай холбоотой.

Image

АНУ-ын Үндэсний бие даасан бизнесийн холбоо(NFIB)-ны ажилтан авах төлөвлөгөөний индекс сүүлийн саруудад тогтворжиж, дунд хугацааны түүхэн дундажтай ойролцоо хэмжээнд байна. Энэ нь жижиг, дунд бизнесүүд ч мөн ажлын байр бий болгох эрмэлзэлтэй байгааг илтгэнэ.

Ажил олгогчдоос цуглуулж буй татварууд жилд 7–8%-иар өсөж байгаа нь цалин хөлсний суурь хангалттай хэмжээнд хэвээр байгааг, цаашлаад эдийн засагт ажиллах хүчний бууралт гарч байгаа гэх санаа бодолд эргэлзээ төрүүлж байна.

Image

Дүгнэлт:

Сүүлийн үеийн үзүүлэлтүүдээс харахад Хятадын эдийн засгийг дэмжих чиглэлтэй мөнгөний бодлогын орчин идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, бондын гаргалт нэмэгдэж, зээлийн нийлүүлэлт өргөжсөн нь дотоодын хэрэглээг тэлэх, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн нөхцөл болж байна. Засгийн газраас мөнгөний болон төсвийн бодлогыг илүү уян хатан байдлаар хэрэгжүүлэх шийдвэр нь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах зорилготой.

АНУ-ын гадаад худалдаанд гаргаж буй гэнэтийн шийдвэрүүд болон тарифын тодорхойгүй байдал нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлцэлд сөргөөр нөлөөлж, томоохон компаниуд хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулахад хүргэж байна. Энэ нь хиймэл оюун ухаан, дата төвийн чиглэлээс бусад салбар дахь хөрөнгө оруулалтын уналтад шууд нөлөөлсөн.

Холбооны Нөөцийн Сангийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал хамгийн гол анхаарал татаж буй асуудал хэвээр байгаа ч, статистик үзүүлэлтүүд болон татварын мэдээллээс харвал ажиллах хүчний эрэлт тогтвортой, ажлын байр нэмэгдэж буйг илтгэж байна. Зарим нэг гэнэтийн мэдээллүүд хөдөлмөрийн зах зээлийг сулдлаа гэж харагдуулж болох ч нийтлэг суурь өгөгдлүүд нь эдийн засгийн суурь тогтвортой байгааг харуулж байна.

Image