Хөрөнгийн зах зээл
4 min read
Унтаж буй луу сэрэх үү?

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ-ын банкнуудын зээл олголт нэмэгдэнэ.

2. Хятадын зах зээлийн мөнгөн урсгал нэмэгдэж, биткойн болон таваарын зах зээлүүдэд эерэг нөлөө үзүүлнэ .

3. Хятадын технологийн компаниудын хувьцааг худалдан авахад таатай цаг үе ирлээ.

Image

Макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайн гарч байгаатай холбоотой ирэх саруудад эдийн засгийн өсөлт үргэлжилнэ гэсэн таамаглал хэвээр байна.

Ам.долларын сулрал нь АНУ-ын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр бодит эдийн засгийн үзүүлэлтүүд (үйлдвэрлэл, ажилгүйдэл, хэрэглээ) зах зээлийн хүлээлтээс сайн гарч дээрх индексэд эерэг нөлөө үзүүлж байна.

1. АНУ-ын банкнуудын зээл олголт нэмэгдэнэ.

АНУ-д тарифын орлого $100  тэрбум орчим хүрсэн нь жилийн эцэс гэхэд $300 тэрбумаас давах боломжтой гэж Скотт Бессент мэдэгдсэн нь улс орны төсвийн бодлогод томоохон орлого бий болгох боломжтой байна. Энэ нь төсвийн алдагдлыг нөхөхөд тодорхой хувь нэмэр оруулах юм. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар энэ нь эдийн засгийн мөнгөний урсгалыг $400 тэрбум орчмоор агшаах боломжтой юм. Гэтэл нөгөө талд банкнуудын зээлийн эрсдэлийн хөшүүрэг буурч байгаатай холбоотой банкнуудын зээл олголт нэмэгдэж зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Ялангуяа 9-р сар гэхэд банкнуудын зээл олголт нь энэ оны дээд хэмжээнд хүрч 2023 оныхтой адил түвшинд хүрэхээр харагдаж байна.

Image

Ам.долларын ханшийн бууралт: Доорх графикаас харахад ам.долларын сулрал нь бусад гадаад валютын ханшийг өсгөж, тухайн орнуудад илүү их мөнгөний нийлүүлэлтийг бий болгож, олон улсын хөрвөх чадварыг нэмэгдүүлж байна.

Image

2. Хятадын зах зээлийн мөнгөн урсгал нэмэгдэж биткойн болон таваарын зах зээлүүдэд эерэг нөлөө үзүүлнэ

2025 оны 4 сараас хойш тарифтай холбоотой сэдвүүд зах зээлд анхаарал татаж байсантай холбоотой хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлээс болгоомжилж байсан. Харин одоо тарифын асуудал бүрэн шийдэгдээгүй ч хурцадмал байдал намжиж, зарим улсуудын тариф 4 сард зарлагдсанаасаа багаар тогтоогдож, Хятадын талд ч байгалийн ховор элементийн тал дээр давуу байр сууртай байгаа. Мөн ам.долларын ханшийн уналт Хятадын засгийн газарт давуу талыг бий болгосоор байна.

Одоогийн байдлаар 2022 оноос хойш Хятадын зах зээл дээрх бондын хэмжээ дээд цэгтээ хүрсэн бөгөөд зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэж байгаа нь (1) биткойн болон хөрөнгийн зах зээл (2) таваарын зах зээлийн эрэлтэд эерэг нөлөө авчирна.

Image
Image

3. Хятадын технологийн компаниудын хувьцааг худалдан авахад таатай цаг үед ирлээ

АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд болон санхүүгийн ерөнхий байдал нь шинжээчид болон эдийн засагчдын хүлээлтээс харьцангуй сайн байгаагаас улбаалан хувьцааны зах зээл ч сүүлийн саруудад тогтвортой, өсөлттэй байна. Гэхдээ АНУ-ын зах зээлээс гадна Хятад болон Австралийн зах зээлүүд дээр томоохон боломжууд харагдаж эхэллээ.

Хятадын зах зээлийн хувьд Hang Seng индексэд багтах компаниудын нэгж хувьцаанд ногдох ашгийг харгалзан үзвэл тухайн компаниуд зах зээл дээр 2 дахин багаар үнэлэгдэж байна. 7-р сард Хятадын технологийн компаниуд өсөлттэй байсан бөгөөд энэ нь зөвхөн томоохон өсөлтийн эхлэл байх боломжтой.

Image

АНУ-ын Microsoft (NAS:MSFT) шиг үүлэн технологи болон хиймэл оюун ухаанд суурилсан компаниуд дахин эрчээ авч байгаа энэ үед Alibaba(NYSE: BABA)-г Хятадын Mictosoft хэмээн шинжээчид харж байна. Хэрэв Хятад улс АНУ шиг үүлэн технологи болон хиймэл оюун ухааныг засгийн газраас дэмжвэл үүнээс хамгийн их ашиг хүртэх компани нь Alibaba юм.

Image

Дүгнэлт

Худалдааны дайнаас улбаалан хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлээс болгоомжилсон байдалтай байсан билээ. Гэхдээ Hang Seng индексэд багтах технологийн компаниудын суурь үзүүлэлтийг харахад Хятадын компаниуд зах зээл дээр маш хямдаар үнэлэгдэж байгаа нь шинжээчид болон томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэллээ. Ийнхүү 7 сард Хятадын технологийн компаниудын өсөлт үзүүлснийг томоохон өсөлтийн эхлэл гэж харж байна.

Image