Хөрөнгийн зах зээл
4 min read
Зэсийн ханшийн өсөлт саармагжиж байгаа ч мөнгөний ханш эрчээ аван өслөө

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлддээ.

1. Хөдөлмөрийн зах зээл асуудал гэж үү? 🤔

2. Төсвийн талаар биш эдийн засгийн мөчлөгт санаа зовох цаг ирсэн үү? 🔍

3. 90 өдөрт 90 тариф 👀

1. Хөдөлмөрийн зах зээл асуудал гэж үү?

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 5-р сарын ISM (үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үзүүлэлт) болон ADP (хөдөлмөрийн зах зээлийн) тайлангууд гарсан бөгөөд аль аль нь шинжээчдийн хүлээлтээс доогуур байлаа. Хэдий хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт 5-р сард хүлээлтээс муу гарсан ч АНУ-ын эдийн засагт нөлөөлөх хэмжээнд муу биш юм.

Одоогоор хөдөлмөрийн зах зээлийн өсөлт саармагжиж, харин нөгөө талд цалингийн дундаж хэмжээ өсөлттэй байгаа. Энэхүү үзэгдэл нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд засгийн газраас хэрэгжүүлж байгаа цагаачдыг багасгах үйл ажиллагаа болон өмнөд хилээ чангатгаж байгаатай холбоотой.

Image

Доорх графикт (1б) дүрсэлснээр 4-р сард тарифаас үүдэлтэй шинжээчдийн хүлээлт зөрүүтэй байсан ч ирэх 2 саруудад эдийн засгийн нөхцөл сайжирч, өсөлттэй байх хүлээлттэй байгаа бөгөөд худалдаа дахин хэвийн үргэлжлэхэд ачаа тээврийн хэмжээ болон үнэ эрс өсөх хүлээлттэй байна.

Image

S&P 500 индекс буюу АНУ-ын хөрөнгийн зах зээл нь энэ онд өсөлттэй байх хүлээлттэй байсан хэдий ч макро эдийн засгийн тодорхойгүй байдал, тэр дундаа тарифын шокоос шалтгаалан 4 сарын 2-оос хойш уналттай байсан (График 1в). Ийнхүү Трампын эдийн засгийн тодорхойгүй бодлогоос болж 2 удаа хазгай гишгэсэн томоохон хөрөнгө оруулагчид одоо шархаа нөхөхөөр бага багаар урт хугацааны хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлж байна.

Image

1. Төсвийн талаар биш эдийн засгийн мөчлөгт санаа зовох цаг ирсэн үү?

Өнгөрсөн саруудад олон улсын анхаарал өрийн өсөлт болон төсвийн алдагдал дээр төвлөрч байсан бол 6 сарын эхээр аажмаар эдийн засгийн суурь үзүүлэлтүүд рүү анхаарал төвлөрч эхэллээ. Учир нь дээр дурдсан 5-р сарын үйлвэрлэл, үйлчилгээ болон хөдөлмөрийн зах зээлийн буурсан үзүүлэлтүүд нь АНУ-ын засгийн газрын бондын хүү буурахад нөлөөлж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын олон улстай хийх ачаа тээврийн хэмжээ багасаж байгаатай холбоотой АНУ-ын 2025 оны ДНБ-ны таамаг ёроолдоо хүрээд байна.

Image

Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн хувьд нэг сайн мэдээ байсан нь 5 сарын сүүлээр АНУ руу нийлүүлж байгаа олон улсын ачаа тээврийн хэмжээ 4 сарын тарифын мэдэгдлийн үеэс хойш ёроолдоо хүрээд байсан нь 6 сарын эхээр огцом өсөлттэй байлаа.

Image

1. 90 өдөрт 90 тариф

Бид ойрын хугацаанд ямар нэгэн тодорхой тарифын шийдэл харахгүй нь бололтой гэсэн бодол эдийн засагчид, шинжээчдийн дунд бий болжээ. Ямар ч томоохон шийдвэрт хүрч чадахгүй олон дахин хэлцэл хийж байгаа АНУ-ын нөхцөл байдлыг хараад 90 өдөрт 90 тариф гэсэн хошигнол хүртэл гарчээ.

Зах зээлд хамгийн их хохирол учруулж байгаа нь салбарт ногдуулж байгаа тарифын шийдвэрүүд бөгөөд тэр дундаа зэсийн тариф юм. АНУ(Comex)-Лондон(LME)-ны хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа зэсийн үнийн зөрүү 9.34%-д хүрчээ.

Image

Өнгөрсөн долоо хоногт мөнгөний үнэ огцом өсөлттэй байсан бөгөөд сүүлийн 13 жилийн хамгийн өндөр ханшиндаа хүрлээ. Энэ нь хэд хэдэн шалтгаанаас улбаатай бөгөөд үүнд алтны үнийн өсөлт саарсан, олон улсын мөнгөний нийлүүлэлт багасаж байгаа зэрэг шалтгаанууд нөлөөлжээ. Мөн олон улсын макро эдийн засаг тогтворгүй байгаа нь үнэт металлын зах зээлийг бүхэлд нь өсгөхөд хамгийн их нөлөө үзүүлж байгаа.

Харин томоохон хөрөнгө оруулагчид зэсийг унана гэсэн хүлээлттэй хэвээр байгаа бөгөөд энэ нь тарифын асуудал нэг талдаа тодорхой шийдвэрт хүрэхгүй байгаатай холбоотой юм.

Image

Доорх графикаас харахад энэхүү харьцаа нь 2016 оноос 2024 оны хооронд тасралтгүй буурч уналтын тренд үүсгээд байсан нь мөнгө олборлогч жижиг компаниудын гүйцэтгэл олон улсын зах зээл дээр арилжаалагдаж байгаа мөнгөний ханшийг давахгүй байсантай холбоотой. Тэгвэл 2025 он гарснаар энэ харьцаа уналтын трендээ дээш сэтэлж гарч ирсэн жижиг мөнгө олборлогч компаниудын үйл ажиллагаа сайжирч байгааг илэрхийлж байна. Энэ нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийх таатай цаг үе ирээд байгаа дохио болж байна.

Image
Image