Хөрөнгийн зах зээл
6 min read
Нөөцийн хомсдол ба эдийн засгийн эмзэг цэгүүд

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Мөнгөний зах зээл дэх стресс, SOFR-Fed Funds зөрүү, нөөцийн хомсдол.

2. Бүс нутгийн банкуудын хадгаламжийн алдагдал, хувийн зээлийн дарамт, KRR/KRE индексийн ач холбогдол.

3. Хятадын ховор металл, тарифын хэлэлцээр, Трампын байр суурь ба зах зээлийн хүлээлт.

1. Мөнгөний зах зээл дэх стресс, SOFR-Fed Funds зөрүү, нөөцийн хомсдол

АНУ-ын эдийн засагт хоёр гол асуудал анхаарал татаж байна. Нэгдүгээрт, ам.долларын мөнгөний зах зээлд стрессийн шинж тэмдэг илэрч, regional банкуудад нөлөөлж эхэлжээ. Жишээлбэл, First Brand болон Zions Bancorporation банкны зээлийн хуучин асуудлууд дахин сэтгэл түгшээж байна. Энэ нь эдийн засгийн мөчлөгийн эмзэг байдалтай холбоотой.

Хоёрдугаарт, засгийн газрын түр зогсолт нь төрөөс хувийн сектор руу чиглэсэн мөнгөний урсгалыг саатуулдаг. Эдийн засагч John Hussmann-ийн онцолсноор, төрийн алдагдал нь хувийн секторын ашиг болдог. Хэрэв зогсолт удаан үргэлжилбэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Image

АНУ-ын Холбооны Нөөцийн дарга Ж. Пауэл энэ долоо хоногт үг хэлэхдээ мөнгөний хатуу бодлого (quantitative tightening) удахгүй дуусах магадлалтайг дурдсан нь богино хугацааны санхүүгийн зах зээлд илэрч буй дарамттай нийцэж байна. SOFR (secured overnight financing rate) болон Fed Funds (банкуудын хоорондын зээллэгийн хүү)-ийн хоорондын зөрүү дахин өргөжиж, SOFR түр хугацаанд огцом өссөн нь санхүүгийн системд бэлэн мөнгө хомсдож байгааг илтгэж байна. SOFR нь барьцаатай зээллэгийн зардлыг, Fed Funds нь барьцаагүй зээллэгийн хүүг илэрхийлдэг тул SOFR хурдан өсөх нь барьцаатай зах зээлд мөнгө хомсдож байгааг харуулдаг. Том банкууд Fed Funds зах зээлд оролцох боломжтой байдаг бол хедж сан, мөнгөний зах зээлийн сангууд зэрэг олон байгууллагууд зөвхөн SOFR-т тулгуурласан repo зах зээлд хязгаарлагддаг. Иймээс системд нөөц хомсдож эхлэхэд эхлээд SOFR-д дарамт илэрдэг бөгөөд энэ зөрүү нь зах зээл дэх хөрвөх чадварын дарамтыг урьдчилан илтгэх чухал үзүүлэлт болдог.

Image

АНУ-ын мөнгөний зах зээлд хямралын эрсдэл дахин нэмэгдэж байна. Холбооны Нөөцийн нийт нөөц $5.8 их наядаас доош буух үед зах зээлд хэт мэдрэг байдал ажиглагддаг бөгөөд энэ босго дахин шалгагдаж эхэллээ. Сангийн яамны Ерөнхий данс (TGA) дүүрсэн ч, Холбооны Нөөцийн Reverse Repo Facility бараг шавхагдаж, зах зээлийн хэлбэлзлийг шингээх зөөллүүрүүд үндсэндээ үгүй болсон байна. Ийм нөхцөлд нөөцийн багахан өөрчлөлт ч зах зээлд мэдэгдэхүйц дарамт үүсгэж болзошгүй.

Энэ нөхцөл байдал нь Холбооны Нөөцийн дарга Жером Пауэлийн мэдэгдэлд онцгой ач холбогдол өгч байна. Түүний сүүлийн үг хэллэг нь балансын бууралтыг урьдчилсан төлөвлөгөөнөөс илүү хурдан зогсоох магадлалтайг илтгэж байгаа бөгөөд энэ нь зах зээлд тогтворжуулалт авчрах боломжтой гэж үзэж байна.

Image

Сүүлийн хэдэн өдөр АНУ-ын Холбооны Нөөцийн repo системд илүүдэл доллар буцаан зээлдүүлэх биш, харин анх удаа цэвэр зээл авсан нь зах зээл дэх хөрвөх чадвар багасч, балансын бууралтын төгсгөлд хүрч байгааг илтгэж байна. Энэ нь Холбооны Нөөц ойрын долоо хоногт хариу арга хэмжээ авах магадлалтайг харуулж байна. QT (quantitative tightening)-г үргэлжлүүлэх нь зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй тул, нөөцийн түвшинг тогтвортой байлгах эсвэл бага зэрэг нэмэгдүүлэх, мөн бодлого хүү бууруулах чиглэлд шилжих хандлагатай байж магадгүй.

Image

2. Бүс нутгийн банкуудын хадгаламжийн алдагдал, хувийн зээлийн дарамт, KRR/KRE индексийн ач холбогдол

Сүүлийн долоо хоногуудад жижиг бүс нутгийн банкуудын хадгаламжийн урсгал саарч, зээлийн зах зээлд дарамт үүсгэж эхэллээ. Хадгаламж буурах үед эдгээр банкууд хамгийн тогтвортой, хямд санхүүжилтийн эх үүсвэрээ алдаж, богино хугацааны зээл эсвэл хөрөнгийн борлуулалтад тулгуурлах шаардлагатай болдог. Энэ нөхцөл байдал дахин илэрч, зээлийн спред өргөжиж, барьцаатай болон барьцаагүй зах зээлд хэлбэлзэл нэмэгдэж байна. Мөн Япон, Солонгос, Аргентинд ам.долларын хомсдол илэрч, хоёр улс тусламж хүссэн нь USD хөрвөх чадварын хязгаарыг давсан байж болзошгүйг харуулж байна.

Image

Бүс нутгийн банкуудын хадгаламжийн алдагдал нь жижиг, дунд бизнесүүдэд зээл олгох нөхцөлийг чангаруулж, хувийн зээлийн сангууд (KRR индексээр төлөөлөгддөг) илүү өндөр хүүтэй, хөшүүрэгтэй бүтэцтэйгээр оролцох хандлагатай болдог. Энэ нь KRR болон KRE индексүүдийг зах зээл дэх далд зээлийн дарамтыг илтгэх чухал үзүүлэлт болгодог. Одоогийн нөхцөл байдал нь QT-г (quantitative tightening) эрт зогсоох эсвэл Холбооны Нөөцийн үйл ажиллагааны хүрээг өөрчлөх шаардлагатай болгож магадгүй.

Image

3. Хятадын ховор металл, тарифын хэлэлцээр, Трампын байр суурь ба зах зээлийн хүлээлт

Трамп Хятадын ховор металлд тавьсан хязгаарлалттай холбоотой хатуу байр суурь нь сүүлийн саруудын зах зээлийн хурдацтай өсөлтөд стресс тест үүсгэх гол шалтгаан болсон байж магадгүй. Хятад улс эдгээр хязгаарлалтыг хойшлуулах эсвэл цуцлахын тулд АНУ-ын зарим тарифыг бууруулахыг шаардсан бөгөөд энэ нь Сангийн сайд Бессентийн зүгээс тодорхой хэмжээнд зөвшөөрөгдсөн. Хоёр талын хэлэлцээр үргэлжилж байгаа үед тариф болон ховор металлд тавьсан хязгаарлалтыг түр хойшлуулах боломж үүсч байна. Трамп ч 100%-ийн нэмэлт тариф тогтвортой биш гэж мэдэгдсэн нь урт хугацааны худалдааны зөрчил үүсэхгүй байх хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Зах зээлд хурдацтай өсөлттэй, ашиггүй компаниудад хөрөнгө оруулах нь төв банкнаас дэмжлэг үзүүлж буй үед л боломжтой стратеги гэж үздэг. Бессент энэ долоо хоногт хөрвөх чадварын тал дээр илүү идэвхтэй оролцох боломжийг дурдсан тул Холбооны Нөөцийн зүгээс бодлогын чиглэлээ өөрчилж, зах зээлд дэмжлэг үзүүлэх магадлалтай гэж үзэж байна.

Image

Дүгнэлт

АНУ-ын эдийн засагт мөнгөний зах зээл, банкны салбар, засгийн газрын үйл ажиллагаа, геополитикийн нөлөөллүүд зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй эмзэг байдал нэмэгдэж байна. Мөнгөний хатуу бодлого (QT) нь зах зээлд хөрвөх чадварын хомсдол үүсгэж, SOFR-Fed Funds зөрүү, бүс нутгийн банкуудын хадгаламжийн алдагдал, зээлийн дарамт зэрэг үзүүлэлтүүдээр илэрч байна. Засгийн газрын түр зогсолт нь хувийн секторын санхүүжилтэд саад болж, эдийн засгийн мөчлөгт сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүний зэрэгцээ, Хятадтай холбоотой худалдааны зөрчил, ховор металлд тавьсан хязгаарлалт нь зах зээлд нэмэлт эрсдэл үүсгэж байна. Ийм нөхцөлд Холбооны Нөөцийн Сангийн бодлогын чиглэлээ өөрчилж, QT-г эрт зогсоох, нөөцийн түвшинг нэмэгдүүлэх, хүү бууруулах магадлалтай бөгөөд энэ нь зах зээлийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлж болох юм.

Image