Хөрөнгийн зах зээл
5 min read
Хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Эдийн Засаг болон Хөрөнгийн Зах Зээлийн өсөлтийн хүлээлт.

2. Мөнгөний нийлүүлэлт, зөөлөн мөнгөний бодлого нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ.

3. Орос-Украйны дайныг дуусгах хэлэлцээр энэ удаад амжилттай болж чадах уу?.

Image

Холбооны Нөөцийн Сан(ХНС)-ийн тэргүүн Жероми Повелийн томилолтын хугацаа буюу 2026 оны 5 сарын 15-нд дуусах юм. Тэгвэл дараагийн ХНС-ийн Тэргүүн болох хамгийн магадлал өндөр байгаа хүн нь Кристофер Уоллер сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа бөгөөд одоогоор өөрийн биеэр ерөнхийлөгчтэй уулзаагүй байгаа ч өнгөрсөн 7 хоногт тэрээр Трампын багынхантай уулзсан байна.

1. Эдийн засаг болон Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн хүлээлт.

Өнгөрсөн 7 хоногийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд холимог гарсан, тэр дундаа ихэнх улс орнуудын ажиллах хүчний 7-р сарын тоон мэдээ өмнөх сараас муу гарсан ч компаниудын улирлын тайлангууд ихэвчлэн шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлтүүд гарсан нь ховор үзэгдэл байлаа.

Ам.долларын ханш, зээлийн хүү, бараа материалын үнэ, ажиллах хүч зэрэг үзүүлэлтүүдийг харахад 3-р улирлын тайлангууд 4-р улирлын эхэн үед гарах үед эерэг үзүүлэлтүүд давамгайлах таамаглалтай байна.

Image

Сүүлийн үед макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сулхан гарсан ч, зах зээл дээр үүнийг хэт сөргөөр үнэлж байна. Ялангуяа сүүлийн ISM PMI (үйлдвэрлэлийн идэвхжилийн индекс) болон NFP (ажлын байрны тайлан) нь сул гарсан нь олны анхаарлын дунд байсан бол бусад эдийн засгийн мэдээллийг нарийвчлан харвал ирээдүйг харсан үзүүлэлтүүд нь АНУ-ын эдийн засаг илүү тогтвортой, эерэг дүр зурагтай байгааг харуулж байна.

ISM vs S&P PMI: Энэхүү хоёр индекс нь эдийн засгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын идэвхжилийн ирээдүйн хүлээлт ямар байгааг харуулдаг. Тэгвэл энэхүү 2 индекс хоорондоо сөрөг хамааралтай байгаа шалтгааныг доор авч үзье.

Ялгаа нь зөвхөн тоон үзүүлэлтийн бус, мөн аргачлалын хувьд ч ялгаатай.

• Хамрах хүрээ: S&P PMI нь зөвхөн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниудад төвлөрдөг бол ISM нь олон улсын салбар, нийлүүлэлтийн нөлөөг багтаасан глобал хандлагыг харуулдаг.

• Судалгааны бүтэц: S&P нь 1,300 орчим компанийн илүү өргөн, жинлэсэн түүврийг ашигладаг бол ISM нь цөөн тооны, жинлээгүй түүвэртэй, ихэвчлэн томоохон корпорацууд давамгайлдаг.

Түүхэн баримтаар S&P PMI нь бодит үйлдвэрлэл, үйлчилгээний гарцтай илүү өндөр уялдаа (70%) үзүүлдэг бол ISM PMI нь 60% орчим байна. Сүүлийн 3-4 жилд энэ хоёрын хамаарал сөрөг болж байгаа нь S&P PMI-г илүү найдвартай индексээр тооцох хандлага нэмэгдэж байна.

Image

АНУ-ын Засгийн Газрын зүгээс цагаачдын ажил эрхлэлтийг дэмжихгүй байгаа нь ажиллах хүчний зах зээлд маш хурдан нөлөөлж байна. Энэ нь эдийн засагчдын хүлээлт болон бодит тоон мэдээ зөрөхөд томоохон нөлөө үзүүлж байна. Ажиллах хүчний тоог харахаас илүү Төрийн Сангийн нийт төлөгдсөн татварын мэдээллийг харах нь илүү бодит үзүүлэлтүүдийг илтгэнэ. Ажиллах хүчний өсөлт сард 100-125 мянга байхаар төлөвтэй байгаа нь агшиж буй зах зээлийн хувьд хангалттай өсөлт байх юм.

Image

2. Мөнгөний нийлүүлэлт, зөөлөн мөнгөний бодлого нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ.

Төв банкны захиралуудын зөвлөлийн гишүүн Адриана Куглер огцорсноор Трампын хувьд жилийн эцсээс өмнө бодлогын хүүгийн чиглэлийг өөрт ашигтайгаар өөрчлөх цорын ганц боломж нь түүний оронд өөрийн үзэл бодолд нийцсэн хүнийг “арын хаалгаар” оруулах явдал болж байна. Шинээр томилогдох Стивен Миран нь зөөлөн мөнгөний бодлогыг дэмжигч бөгөөд одоо байгаа Боуэн, Уоллер нартай ижил байр суурьтай. Энэ нь АНУ-ын долларын сулрах хандлагыг улам нэмэгдүүлж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хурдасгах эрсдэлтэй.

Хэрэв ХНС нь улс төрийн нөлөөнд автвал валютын зах зээлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Трамп төсвийн зарлагыг хязгаарлах бодлогоос татгалзаж, үүний оронд тариф нэмэх болон хүү бууруулах замаар төсвийн алдагдлыг багасгах стратегид шилжсэн нь энэ чиг хандлагыг улам бэхжүүлж байна.

Сүүлийн үед ам.доллар суларч, мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт нэмэгдсэнээр дэлхий даяар мөнгөний нийлүүлэлт (M2) дахин өсөх хандлагыг бий болгож байна. Валютын ханшийн сулрал, ялангуяа ам.долларын уналт нь бусад улсуудын мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгож байна.

Ийнхүү мөнгөний нийлүүлэлт огцом өссөнөөр хувьцаа, криптовалют, түүхий эд зэрэг эрсдэлтэй хөрөнгийн ханш өсөх хандлагатай байдаг.Доорх графикт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ба эдгээр хөрөнгийн үнэ хоорондын эерэг хамаарлыг дүрсэлсэн байна.

Image

3. Орос-Украйны дайныг дуусгах хэлэлцээр энэ удаад амжилттай болж чадах уу.

Трампын төлөөлөгч Стив Витков Ерөнхийлөгч Путинтэй Украйны дайныг дуусгах бодит үр дүнд хүрч болох хэлэлцээрийг эхлүүллээ. Өмнө нь Трамп Путинтэй хэд хэдэн удаа уулзалт хийж, утсаар ярисан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй.

Одоогийн хийх хэлэлцээрээр АНУ-аас Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдээ цуцлах магадлалтай бөгөөд энэ нь дайныг дуусгах биш харин түр хугацаанд агаарын дайралтыг зогсоож, Украйны энгийн иргэдийг хамгаалах зорилготой харагдаж байгаа юм.

Мөн Трампын зүгээс Армен болон Азербайжан нарын хооронд энхийн гэрээ байгуулах зууч нь болж байгаагаас гадна, Мьянмартай ашигт малтмалын гэрээ байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Армен болон Мьянмар улсууд нь ОХУ-ын холбоотнууд байсан бөгөөд Орос-Украйны дайн удаан үргэлжилж байгаатай холбоотой Оросын зүгээс олон улс дахь нөлөөлөлөө алдаж, өмнө нь холбоотнууд байсан улсууд хамтын ажиллагаа хийх шинэ түншүүдээ хайгаад эхэлжээ.

Дүгнэлт

Олон улсын хооронд өрнөж буй тарифын маргаан болон улс төрийн маргаануудаас үл харгалзан макро эдийн засгийн ирээдүйн өсөлтийн таамаглалын индексүүд эерэг хүлээлтийг илэрхийлнэ. Мөн Ам.долларын сулрал, бодлогын хүү буурах магадлал нэмэгдэж байгаа, банкнуудын зээл олголтын хэмжээ өссөн зэргээс үзвэл хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжлэх хандлагатай байна.