
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. Иран-Израилийн эргэн тойронд ⚔️
2. АНУ-ын инфляц ёроолдоо хүрлээ 📉
3. Бид инфляцын үзүүлэлтийг хараад тайвширч болох уу?

Иран болон Израиль улсуудын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй түүхий эдүүдийн ханш өсөлттэй байгаа. Үүнтэй холбоотой АНУ-ын хувьцааны индекс болон засгийн газрын бондын өгөөжүүд буурах хүлээлттэй байна.

6 сар гараад тарифын асуудал намжиж, олон улсын хуурай газрын ачаа тээврийн хэмжээ болон ханш огцом өсөж эхэлж байгаа цар тахлын үетэй ижил дүр зургийг бий болгож байна. Хэрэв одоогийн ачаа тээврийн индекс нь цар тахлын үетэй ижил үргэлжилбэл түүхий эдийн үнэ цаашдаа үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
1. Иран-Израилийн эргэн тойронд ⚔️
Израилиас Ираны цөмийн болон цэрэг, зэвсгийн баазууд руу дайралтууд хийсэнтэй холбоотой Ираны талаас хариу арга хэмжээ авахад хэцүү нөхцөл байдал бий болсон ч Израиль руу дроноор дайралт хийсэн юм. АНУ-ын зүгээс тухайн дронуудыг зогсоож Израилийг хамгаалж хэдий ч АНУ болон Израилийн холбоо хамаарал саарсаар байгаа бөгөөд Доналд Трамп ч Ойрх Дорнодын улсуудаар айлчлал хийхдээ Израилийг тойроод гарсан билээ.
Доналд Трампын хувьд Иранд цөмийн хэлэлцээр хийх 60 хоногийн хугацаа өгсөн боловч, ямар нэгэн тодорхой хэлцэлд хүрч чадалгүй, зогсонги байдалтай 60 хоногийн хугацаа өнгөрсөн. Ойрх Дорнод болон Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал зэрэг нь аль хэдийнээ Трампын мэдлээс гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ийнхүү энэ улирлын эхээр нэг баррель газрын тосны ханш 70$-оос доош ороод байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар газрын тосны үнэ 10% орчмоор огцом өслөө.

Харин газрын тос, зэс, хүнсний ханшийн өсөлт болон өнгөрсөн сарын инфляцын дата бага гарсан нь бондын өгөөжид дарамт үзүүлэх хандлагатай байна.

Үүнээс харахад геополитикийн гэнэтийн үйл явдал нь хөрөнгө оруулагчдад өндөр эрсдэл болон ашгийн аль алиныг нь дагуулах боломжтой. Ойрын ирээдүйд газрын тос болон ам.долларын ханш өсөх хандлагатай байна.
2. АНУ-ын инфляц ёроолдоо хүрлээ 📉
АНУ-ын төв банкнаас бодлогын хүүгээр дамжуулан инфляцыг 2%-иас доош барих гэж хичээж байгаа. Өнгөрсөн сарын инфляцын түвшин 2.3%-тай гарсан нь шинжээчдийн хүлээж байсан шиг тийм ч муу байгаагүй юм. Харин график 2а-д дүрсэлсэн Bloomberg-ийн индексээс харахад ирэх 12 сарын хөрөнгө оруулагчдын инфляцын хүлээлт 3.1% орчим байгаа нь төв банкны зорилтот түвшнээс өндөр байгаа юм. Тиймээс АНУ-ын төв банкнаас бодлогын хүүг бууруулахдаа маш болгоомжтой хандаж байгаа бөгөөд энэ сард хүүг бууруулах магадлал маш бага байгаа юм.

Дайнтай холбоотой түүхий эдүүд, тэр дундаа газрын тосны ханш өсөж байгаа бол нөгөө талд инфляцын түвшин буурч байгаатай холбоотой эрчим хүчний салбар өсөх хандлагатай байна.

3. Бид инфляцын үзүүлэлтийг хараад тайвширч болох уу?
Тарифын гэнэтийн өсөлтөөс шалтгаалан зах зээлд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, инфляц огцом нэмэгдэх хүлээлт байсан бол тарифын асуудал намжиж, 5 сарын инфляцын түвшин харьцангуй бага гарсан нь хөрөнгө оруулагчид болон иргэдийг тайвшруулаад байгааг доорх график 3а болон график 3б-ээс харж болно.
График 3а-д дүрсэлснээр цэнхэр зураасаар Мичиганы Их Сургуулийн иргэдээс авсан ирээдүйн инфляцын хүлээлтийг харуулах бөгөөд иргэд инфляцыг ирээдүйд буурна гэсэн хүлээлттэй байгааг илэрхийлнэ. Харин хар зураасаар труфляц буюу яг одоо зах зээл дээр инцфляц ямар байгааг илэрхийлж байгаа бөгөөд труфляц индекс нь 4 сараас хойш өссөөр байгаа.

График 3б-д мөн зах зээл дээр суурилсан инфляцын хүлээлт болон труфляц индексүүд нь урвуу хамаарлыг бий болгосон байгааг харж болно.

Ийнхүү инфляцын талаар товчхон дүгнэхэд “тариф=инфляц” гэсэн нийтлэг ойлголт иргэд болон зах зээлд үүссэнээр, зах зээлийн яг одоогийн бодит инфляцын нөхцөл байдлыг харуулах труфляц индексийг үл тоомсорлох байдал ажиглагдаж байна.