Хөрөнгийн зах зээл
4 min read
Шар металлын хөрөнгө оруулалт эрчийг авав

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Геополитик ба дэлхийн эдийн засгийн урсгалын өөрчлөлт .

2. Алт, түүхий эд, крипто руу чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ чиг хандлага.

3. АНУ-ын орон сууцны бодлого ба эдийн засгийн дэмжлэг.

1. Геополитик ба дэлхийн эдийн засгийн урсгалын өөрчлөлт.

Геополитикийн нөхцөл байдал дахин хурцдаж, Орос улстай энхийн хэлэлцээр хийх оролдлогууд үр дүнгүй болж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын эв нэгдлийн дохио нь дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрт байдалд шууд нөлөөлж, олон улсын харилцааны чиг хандлагад өөрчлөлт авчирч байна. Үүний үр дүнд барууны хөрөнгө оруулалтын урсгалууд өөрчлөгдөж, бодит хөрөнгө (real assets) рүү чиглэж байгаа нь алт болон бодит хүүгийн (real interest rates) түүхэн зөрүүг улам гүнзгийрүүлж байна. Үүний зэрэгцээ дэлхий даяар хүү бууралт явагдаж, “бүрэн төсвийн бодлого” (full fiscal) рүү шилжиж (Япон, Герман, Хятад, АНУ) бүгд төсвийн тэлэлт хийж байна.

Image

Оросын нөөцийг хураасан нь дэлхийн эдийн засгийн урсгалыг өөрчилж, Хятад, Энэтхэг зэрэг орнууд Барууны хөрөнгөөс хамаарлаа багасгахыг эрмэлзэж байна. Үүний улмаас АНУ Хятадаас бараа импортлох нь буурч, бодит хөрөнгө рүү чиглэсэн урсгал нэмэгдэж, алт болон бондын өгөөжийн хамаарал өөрчлөгдсөн. Энэ нь зах зээлд шинэ чиг хандлага үүсч, ам.доллар богино хугацаанд хүчтэй хэвээр байгаа ч урт хугацаанд хөрөнгө оруулагчид алт, крипто зэрэг бодит хөрөнгөд илүү анхаарал хандуулж эхэлжээ.

Image

2. Алт, түүхий эд, крипто руу чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ чиг хандлага

Хятадад алтны эрэлт огцом өсч, бирж дээрх нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрээд байна. Төсвийн тэлэлт болон зээлийн мөчлөг нь түүхий эдийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, инфляцийн хүлээлт нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид алт, түүхий эд зэрэг бодит хөрөнгөд илүү их анхаарал хандуулж эхэлжээ.

Image

Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд төсвийн тэлэлт хийж, эдийн засгаа идэвхжүүлж байна. Хятадын эдийн засгийн сэргэлт нь түүхий эдийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, АНУ-д орон сууцны зах зээлийг дэмжих оролдлого хийгдэж байна. Энэ өөрчлөлтүүд нь бондын өгөөж, банкны хадгаламж, Nasdaq зэрэг зах зээлийн үзүүлэлтүүдэд нөлөөлж, хөрөнгө оруулагчид бодит хөрөнгө болон эрсдэлтэй хөрөнгүүд рүү илүү их анхаарал хандуулж эхэлжээ.

Image

3. АНУ-ын орон сууцны бодлого ба эдийн засгийн дэмжлэг

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ намар орон сууцны хямрал болж магадгүй гэж мэдэгдсэн нь 2026 оны сонгуулийн гол амлалт болох орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилготой юм. Үүний хүрээнд томоохон төсвийн зарлага гаргахгүйгээр Америкчуудын орон сууцанд хуримтлагдсан хөрөнгийг ашиглах шинэ арга замуудыг санал болгож байна. Жишээлбэл, Freddie Mac компани хүмүүс орон сууцныхаа үнэ цэнийг ашиглан бага хэмжээний мөнгө зээлж авах боломж олгож байгаа бөгөөд үүнийг хийхдээ анхны хүү багатай зээлээ хадгалж үлддэг. Энэ нь улс төрийн хувьд хүчтэй мессеж болохоос гадна эдийн засгийг дэмжих томоохон хөдөлгүүр болж чадна. Гэхдээ орон сууцны зах зээлд илүү идэвхтэй хөдөлгөөн үүсэхгүй бол хүртээмжийн асуудал үргэлжлэх магадлалтай. Тиймээс илүү бүтээлч, уян хатан бодлого хэрэгтэй бөгөөд Трампын засаг захиргаа үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Image

Дүгнэлт

Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн худалдааны урсгалын өөрчлөлт, төсвийн тэлэлт зэрэг нь бодит хөрөнгө, алт, биткойн зэрэгт хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулж байна. Хятадын эдийн засгийн идэвхжил, АНУ-ын орон сууцны хүртээмжийг сайжруулах бодлого зэрэг нь эдийн засгийн шинэ чиг хандлагыг бий болгож, уламжлалт бус хөрөнгө оруулалтад илүү ач холбогдол өгч эхэлж байна. Энэ нөхцөлд бүтээлч, уян хатан бодлого хэрэгтэй бөгөөд улс орнууд үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байх шаардлагатай.

Image