
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. Хөдөлмөрийн зах зээлийн тоо баримт, мэдээлэл цуглуулах асуудал .
2. Статистикийн мэдээллийн чанарын доройтол ба улс төрийн нөлөө.
3. АНУ дахь цагаачдын хөдөлмөр эрхлэлт.
1. Хөдөлмөрийн зах зээлийн тоо баримт, мэдээлэл цуглуулах асуудал.
АНУ-д сүүлийн үед хөдөлмөрийн зах зээлийн тайлангийн үнэн бодит байдал эргэлзээ төрүүлж, улс төрчдийн амны бай болсноор “Хөдөлмөрийн Статистикийн Газарын дарга”-ийг огцрууллаа. Энэхүү үйл явдлууд зах зээлд үл итгэл төрүүлж эхлээд байна. Гэсэн хэдий ч, хөрөнгө оруулагчдын хувьд энэ бол түр зуурын дуулиан гэж ихэнх шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ оны 8-р сарын эдийн засгийн суурь нөхцөл, санхүүгийн нөхцөл сайжрах хандлага, инфляц зэрэг үзүүлэлтүүд өмнөх 3 жилтэй харьцуулахад эерэг байна.

Энэ жилийн 8-р сард эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхээс илүү сайжирсан нь санхүүгийн нөхцөл сайжрах хандлага эрт эхэлсэн, зах зээлийн гол үзүүлэлтүүд сэргэсээр байна. Харин Холбооны Нөөцийн Сан тариф болон улс төрийн дарамт үүссэн ч бодлогын хүү хэвээр хадгалагдаж байгаа нь зах зээлд тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бүрдүүлж байна.

АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс бага, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа нь дэлхийн хөрөнгийн зах зээлд, тэр дундаа MSCI World индексэд 4-р улирал хүртэл 10%‑иас дээш өсөх боломжийг харуулж байна.

2. Статистикийн мэдээллийн чанарын доройтол ба улс төрийн нөлөө.
АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Газар (BLS) сүүлийн үед мэдээлэл цуглуулах ажилдаа хязгаарлалт хийж, тодорхой бүс нутгуудыг хамруулахгүй орхигдуулсан. Энэ нь инфляцыг тооцоход ашигладаг, үйлчилгээний үнэ судалгааны өгөгдөл буурч, оронд нь зарим мэдээллийг бодитоор биш тооцоолсон аргаар нөхөж байна. Өмнө нь ийм бодитоор нөхөх өгөгдөл нийт мэдээллийн 10%-иас бага байсан бол одоо 30%-иас давж, чанарын эрсдэл нэмэгдсэн.
Тэгэхээр эдгээр өөрчлөлт нь зөвхөн статистикийн техник арга барилд гарсан асуудал биш, харин үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах нөөц, хүний нөөцийн хязгаарлалт, мөн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэж харж байна. Түүнчлэн эдгээр цаг хугацаа нь АНУ-ын Засгийн газрын “Liberation day” болон шинэ тарифын бодлогын хэрэгжүүлэлттэй давхцаж байгаа нь мэдээллийн бодит байдлыг гуйвуулсан байх магадлалыг төрүүлж, зах зээлд энэ талаар эргэлзээ үүсгэж байна.

АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн албан ёсны тоо баримт улам бүр баталгаагүй болж, Хөдөлмөрийн Статистикийн газрын даргыг халсан нь зах зээлд энэ тоонуудыг итгэлгүй болгож, ирэх саруудад инфляц ба ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэлд хувийн эх сурвалж илүү чухал болохыг харуулж байна.

3. АНУ дахь цагаачдын хөдөлмөр эрхлэлт.
Мэдээллийн зөрүүнээс харахад АНУ-ын албан ёсны ажил эрхлэлтийн тоо баримт нь цагаачдын бууралт болон судалгааны хариу өгөх чадвар доройтсоноос шалтгаалан бодит тоог бүрэн тусгаж чадахгүй байж болзошгүй бөгөөд энэ нь Трампын “ажил эрхлэлт бодитоос доогуур тоологдож байна” гэсэн байр суурь үндэслэлтэй байж болохыг харуулж байна.

Сүүлийн 3–4 сарын хугацаанд АНУ-д гадаад ажилчдын ажил эрхлэлт огцом буурч, дотоод ажилчдын ажил эрхлэлт олон жилийн дараа анх удаа мэдэгдэхүйц өсөж байгаа ба цагаачдын тоо буурсан нь нийт хөдөлмөрийн нөөц багасаж, үүний улмаас өмнөх байдал шиг сард 200,000–300,000 ажлын байр шинээр бий болгох боломжгүй болж, ердөө 50,000–75,000 орчим хүн шинэ ажлын байранд орох тооцоололтой байна.


Хэдийгээр албан ёсны тоонууд хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлыг гүйцэд тусгаж чадахгүй байгаа ч татварын суутгалын мэдээлэлд үндэслэн үзвэл АНУ-д сард дунджаар 100,000–125,000 хүн ажилтай болж байгаа нь ажиллах хүч багассан энэ үед хангалттай тоо гэдгийг харуулж байна.

Долоо хоногийн цалингийн индексийн өсөлт болон ажлын байрны дутагдалтай холбогдуулан, ойрын жилд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд ялангуяа бага цалинтай ажилд ажиллах хүчний тоо хомсдох эрсдэл үүсээд байна.

ISM индекс өснө гэсэн хүлээлт биелэхгүй байгаа нь үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тодорхойгүй, ялангуяа тарифын түвшин ойлгомжгүй байгаагаас үүдэлтэй бөгөөд энэ асуудал шийдэгдэхгүй бол эдийн засгийн сэргэлт удаашрах эрсдэлтэй байна.

Дүгнэлт:
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн талаарх албан ёсны тоон мэдээллийн чанар муудаж, улс төрийн нөлөө, судалгааны хариу бууралт, шинээр ирж буй цагаачдын тоо багассанаас үүдэн бодит байдал бүрэн тусгагдахгүй болсон тул инфляц, ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлтийн талаарх дүгнэлт гаргахдаа уламжлалт статистикт тулгуурлах нь хангалтгүй болжээ.
Харин татварын суутгал, цалин, эдийн засгийн үндсэн хөдөлгөгч үзүүлэлтүүд дээр илүү анхаарах шаардлагатай болж байгаа бөгөөд үйлдвэрлэгчид тодорхойгүй тарифын орчинд хөрөнгө оруулалтаа хойшлуулж байгаа нь эдийн засгийн сэргэлт, ISM индексийн өсөлт удаашрах шалтгаан болж, ирэх саруудад улс төрийн тодорхой шийдвэрүүд хойшилбол эдийн засгийн идэвх сэргэх хүлээлт дахин эрсдэлд орж болзошгүй байна.