Хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 28-нд 90.11% ирцтэй зохион байгуулагдлаа. Хурлын хүрээнд 2024 оны санхүү болон үйл ажиллагааны тайлангуудыг танилцуулав.
Санхүүгийн үр дүнгийн байдал
Нийт зардал
Хүүгийн зардал нь 2022-2023 онд 81% өссөн үзүүлэлттэй байсан бол 2023-2024 онд 72% өсөлттэй байгаа нь тухайн компанийн өр, зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотой. Харин үйл ажиллагааны зардал нь 2022-2023 онд 35% өссөн бол 2023-2024 онд 65%-ийн өсөлттэй байгаа олон улс болон орон нутаг дахь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаатай холбоотой өсөлт гэж харж болохоор байна.
Зээлийн үйл ажиллагаа
Инвескор ББСБ ХК-ний зээлийн багц, бүтээгдэхүүний борлуулалт нь 68% нь уламжлалт байдлаар, 32% нь цахим хэлбэрээр хийгдэж байна. Зээлийн багц өмнөх жилтэй харьцуулахад 51%-иар өсөж 733 тэрбумд хүрсний 60%-ийг нь жижиг дунд бизнесийн уламжлалт зээлийн багц бүрдүүлж байна.
Инвескор ХК-ны хугацаа хэтэрсэн зээл нь 3.5%, чанаргүй зээл нь 5.5%-тай байгааг салбарын болон банкны дундажтай харьцуулсныг доорх хүснэгтээс харах боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
Инвескор ББСБ ХК -ны 80.49%-ийг "Эс Ай Би Жэй Капитал" ХХК эзэмшиж байгаа бөгөөд үлдсэн 19.51%-ийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэлж байгаа юм.
Ногдол ашиг
Инвескор нь 2024 оны цэвэр ашгаасаа 5.4%-ийг буюу нийт 4’554’656’860 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар болсон нь өмнөх жилээс 13%-иар өсжээ. Энэ нь нэгж хувьцаанд 60₮ ногдож байгаа юм.
2024 оны онцлох үйл явдлууд
• Инвескор Финанс МФО: 2024 оны 9 сард Инвескор нь Казакстан улсад шинээр салбараа нээсэн бөгөөд 2024 оны байдлаар ₮8 тэрбумын зээлийн багц борлуулсан бөгөөд одоогоор нийтдээ ₮15 тэрбумын борлуулалт хийгээд байгаа юм.
• 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ: "InvesCore ABS" Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгийг нэг удаагийн транчаар амжилттай татан төвлөрүүллээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд нэг удаагийн транчаар хамгийн өндөр хөрөнгө татан төвлөрүүлсэн түүхэн амжилт болж байна.
• BlueOrchard Micro Finance $10 саяын санхүүжилт татав: Дэлхийн томоохон Хөрөнгө оруулалтын сан болох BlueOrchard MicroFinance Fund(BOMF)-аас $10 саяын санхүүжилт авсан нь ирээдүйн томоохон санхүүжилтүүдийн эхлэл болж байна хэмээн үзэж байна.
• Инвескор Си ЭЙ МФК: Киргиз улсад 2 удаа бонд гаргах замаар ₮7 тэрбумын орчмыг татан төвлөрүүлжээ. Инвескор Финанс МФО нь Киргиз дахь ББСБ-ууд дунд ТОР 6-т эрэмбэлэгдэж байгаа юм байна.
Ойрын хугацааны мэдээ мэдээлэл
• 2025 2 сарын 13-нд Лондоны хөрөнгийн бирж дээр ICFG тикертэйгээр нээлттэй арилжаалагдах олон улсын компаниудын жагсаалтад оржээ.
• 2025 оны 3 сард Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60%-иас бага, суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн үнэлгээ харьцаа мөн 60%-иас хэтрэхгүй байхаар заасан нь Инвескор компанийн хувьд үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах шаардлага үүсээгүй ба тухайн компанийн хувьд уг мэдэгдэл гарахаас өмнө зохистой хэмжээнд байсан хэмээн мэдээллээ.
• Инвескор нь Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотуудад салбаруудтай бөгөөд орон нутгийн бичил бизнесүүдийг дэмжих зорилготойгоор орон нутагт хүрээгээ тэлж Дорноговиос эхлэн салбараа нээгээд эхэлсэн бөгөөд Өмнөговийн салбар нь удахгүй нээгдэх гэж байгаа талаар мэдэгдлээ.
• Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилготой ₮30 тэрбумын хаалттай давуу эрхт хувьцаа гаргахаа ₮130 тэрбум болгон нэмэгдүүлэхээ шийдвэрлэв. Өмнө зарласан байсан ₮30 тэрбумын хаалттай давуу эрхт хувьцааны ₮12 тэрбум нь одоогоор борлуулагдсан байгаа юм байна.
Дүгнэлт
Инвескор компани 2024 онд орлого, ашиг нь тогтвортой өсөж байгаа бөгөөд зээлийн үйл ажиллагаа нь эрчимтэй өргөжиж орон нутаг болон олон улсуудад жил жилээр хүрээгээ тэлсээр байна. Мөн олон улсаас татах хөрөнгө оруулалтын сувгуудаа нэмэгдүүлж ирээдүйд бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн, илүү таатай зээлийн багцуудыг зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна хэмээн дурдлаа. Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа ханш нь сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 168%-ийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд жилд дунджаар 33% өсөлт үзүүлсэн нь компанийн үйл ажиллагааны хувьд тогтвортой өсөлттэй холбоотой юм. Тиймээс уг хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь тохиромжтой гэж үзэж байна.