Хөрөнгийн зах зээл
4 min read
АНУ-н холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах дохио өглөө.

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ болон Европын эдийн засгийн өсөлт.

2. Үйлдвэрлэгчид үнийн дарамтад орж эхэллээ .

3. Ам.долларын хөрвөх чадвар 9 болон 10 сард асуудал дагуулах уу?.

Image

Өнгөрсөн 7 хоногийн Jackson hole эдийн засгийн уулзалтаар Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэль инфляц тогтвортой байгаа учир бодлогын хүүг буулгах боломжтой талаар илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болж баасан гарагт хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Ийнхүү хэрэв 9 сард бодлогын хүү буурвал, улирлын онцлогтойгоор өмнөх жилүүдэд уналттай байдаг хөрөнгийн зах зээл ирэх 9 сард өсөлттэй гарах төлөвтэй байна.

1. АНУ болон Европын эдийн засгийн өсөлт

АНУ болон Европын эдийн засгийн өсөлт долоодугаар сарын сүүлээс хурдсаж эхлэн наймдугаар сард тухайн өсөлт нь үргэлжилсэн хэвээр байна. Дөрөвдүгээр сард АНУ-ын зүгээс шинэчилсэн тариф зарласнаас хойш үйлдвэрлэлийн салбар голчлон энэхүү өсөлтөд нөлөөлж байгаа нь эдийн засагчдын сонирхлыг татаж байгаа юм.

Image

2. Үйлдвэрлэгчид үнийн дарамтад орж эхэллээ

Доорх графикт хар шугамаар үзүүлсэн Philly Fed prices paid нь үйлдвэрлэгчид түүхий эд, материал худалдан авахдаа төлж буй үнийн өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 0-ээс дээш гарвал үнэ өсөж байгааг илтгэнэ. Харин хар шугам нь хүнсний бүтээгдэхүүн болон эрчим хүчийг хассан үйлдвэрлэлийн үнийн индекс юм.

Энэхүү хоёр үзүүлэлт нь хоорондоо эерэг хамааралтай бөгөөд графикт харагдаж буй өсөлт нь үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, бизнесийн ашгийн маржин багасаж байгааг илэрхийлнэ.

Image

Хэдий шинэчилсэн тариф хэрэгжиж эхэлсэн ч өнгөрсөн сарын хэрэглэгчийн үнийн индекс тогтвортой хэвээр гарсан. Гэсэн ч доорх графикд үзүүлснээр АНУ-ын импортын барааны үнэд бага зэрэг өсөлт ажиглагдаж эхэллээ.

Image

Зарим шинжээчдийн үзэж буйгаар хэрэв мөнгөний бодлогоор тарифт ямар нэгэн хариу үзүүлэхгүй л бол нэмэгдсэн тариф нь инфляцад нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

Доорх 2026 оны мөнгөний нийлүүлэлтийн таамаглалыг харахад ямар нэгэн гэнэтийн өсөлт ажиглагдахгүй хэвийн байх төлөвтэй байна.

Image

3. Ам.долларын хөрвөх чадвар 9 болон 10 сард асуудал дагуулах уу?

Доорх графикт үзүүлсэн хар шугам нь Холбооны Нөөцийн Сангаас зах зээлд шууд буюу шууд бус байдлаар нийлүүлж буй нийт мөнгөн урсгалын хэмжээг үзүүлж байна.

Харин TGA (Treasury General Account) нь АНУ-ын Сангийн Яамны Холбооны Нөөцийн Санд байршуулдаг дансны үлдэгдэл юм. TGA өндөр байвал төв банкнаас зах зээл рүү орж буй мөнгөний хэмжээ багасдаг, харин буурвал зах зээлд мөнгө орж байна гэсэн дохио болдог.

ON RRP (Overnight Reverse Repo) нь банкнууд илүүдэл мөнгөө эрсдэлгүйгээр төв банканд нөөцөлж байгааг илэрхийлнэ.

Нөгөө талд хэдий банкнуудын зээл олголт 2023 оноос хойш нэмэгдэж, зах зээлийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байсан ч, Сангийн Яамны сайд Скот Бессент нь TGA-г $800 тэрбум байлгахаар зорилт тавьж байгаа нь 10 сарын 1 гэхэд зах зээлд орох мөнгөн урсгалыг $250 тэрбумаар багасгах төлөвтэй байна.

Image

Банкнуудын зээл олголтын хэмжээ нь бондын хүүгийн өгөөжийн муруй болон бодлогын хүүгийн өөрчлөлт зэргээр зохицуулагддаг билээ.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад төв банкнаас илүү банкнуудын зээл олголт нь зах зээлд нийлүүлж байгаа мөнгөн урсгалыг бий болгож байна.

Image

Дүгнэлт

• Jackson Hole уулзалтаар Жером Пауэлийг бодлогын хүүгээ бууруулах боломжтой хэмээн илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээж зах зээл өсөлттэй байв.

• АНУ болон Европын эдийн засгийн өсөлт 7 сарын сүүлээс эхлэн эрчимтэй өсөж эхэлсэн байна. Үүнд үйлдвэрлэлийн салбарын өсөлт нөлөөлсөн нь АНУ-ын Засгийн Газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ажиллаж байгаа нь гол хүчин зүйл болж байгаа бололтой.

• 2023 оноос хойш АНУ-ын Сангийн Яамнаас Төв банканд хэт их мөнгө төвлөрүүлж байгаагаас үүдэн эдийн засгийн мөнгөний нийлүүлэлт нь банкнуудын зээл олголтоос ихээхэн хамааралтай болж, зах зээлийн мөнгөн урсгал хумигдах хандлага бий болох төлөвтэй байна.