Хөрөнгийн зах зээл
4 min read
Трампын эдийн засгийн бодлого, түүхэн харьцуулалт ба өнөөгийн сорилтууд

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. МакКинли ба Трампын эдийн засгийн бодлого.

2. Тарифын бодлогын үр нөлөө ба тодорхойгүй байдал.

3. Хөдөлмөрийн зах зээл, хөрөнгө оруулалт ба эрчим хүчний ирээдүй.

1. МакКинли ба Трампын эдийн засгийн бодлого.

АНУ-ын хоёр ерөнхийлөгч, МакКинли ба Трамп, эдийн засгаа дэмжихийн тулд ижил арга хэрэглэсэн. Тэд гадаад бараанд өндөр татвар тавьж, дотоодын үйлдвэрүүдийг хамгаалсан. Мөн мөнгөний үнэ цэнийг баталгаажуулахын тулд тухайн үед алт, орчин үед Биткойн зэрэг зүйлд үндэслэсэн.

Image

МакКинли хямралтай үед, хүмүүс ажилгүй, үнэ унаж байсан үед ерөнхийлөгч болсон. Харин Трампын үед эдийн засаг сайн байсан, хүмүүс ажилтай, үнэ тогтвортой байв. МакКинлийн үед Америк гадаад орнуудаас бараа бага авдаг, өөрсдөө бүх зүйлээ хийдэг байсан. Харин орчин үед улс орнуудтай их холбогдсон, гадаад бараа их хэрэглэдэг болсон. Тиймээс хоёр ерөнхийлөгч ижил бодлого баримталсан ч, эдийн засгийн нөхцөл нь маш өөр байсан.

Image

2. Тарифын бодлогын үр нөлөө ба тодорхойгүй байдал.

МакКинли 1897–1901 оны эдийн засгийг тариф нэмэгдүүлж байхад ч инфляц үүсгэхгүйгээр удирдаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсан. Түүний бодлого нь “тарифын өсөлт нь эдийн засагт хөрөнгө оруулалтын өсөлт авчирна, харин үнийн өсөлт (инфляц) тийм ч их асуудал болохгүй” гэж үздэг байв. Трампын ойрын зөвлөхүүд ч энэ логикийг дагаж байгаа. Гэхдээ өнөөгийн эдийн засагт төсвийн алдагдал их, гадаад барааны хамаарал өндөр, ажиллах хүчний дийлэнх нь гадаад гаралтай болсон тул энэ бодлого хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй.

Image

Түүхэн баримтаас харахад тарифын бодлого эхэлж байх үед инфляц огцом өссөн, эсвэл бондын хүү огцом нэмэгдсэн тохиолдол ховор. Харин хөрөнгийн зах зээл сайн гүйцэтгэлтэй байдаг бөгөөд тарифын оронд дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсөх хандлага ажиглагддаг. Мөн одоо АНУ хууль бус ажилчдыг буцаах арга хэмжээ авч байгаа нь хөдөлмөрийн зах зээлийг багасгаж, энэ нөлөө илүү тодорхой болж магадгүй. Тариф болон багасч буй ажиллах хүч нийлээд ч бондын хүү огцом өсөх магадлал бага. Хэрэв өсвөл энэ нь урт хугацааны эрсдэлийг даах “даатгалын шимтгэл” маягаар өснө.

Image

Тарифын бодлого нь тодорхой хэмжээний орлого авчирч болох ч, төсвийн алдагдлыг бодитоор засах хэмжээнд хүрэхгүй. Тарифын талаар олон яриа, маргаан өрнөж байгаа бөгөөд тэдгээрийн төсөвт үзүүлэх нөлөө, мөн хэрвээ Дээд шүүх тэднийг хууль бус гэж үзвэл юу болох талаар анхаарал хандуулж байна. Одоогийн тарифын орлого нь ДНБ-ий ердөө 0.3%-тай тэнцэж байгаа нь эдийн засагт том нөлөө үзүүлэхүйц биш. Тарифын гол нөлөө нь дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг түр хугацаанд дэмжих боловч энэ нь тогтвортой үр дүн биш юм.

Image

3. Хөдөлмөрийн зах зээл, хөрөнгө оруулалт ба эрчим хүчний ирээдүй

АНУ-д гадаад ажилчдын тоо огцом буурч байгаа нь эдийн засагт том өөрчлөлт авчирч байна. Хямд ажиллах хүч байхгүй болсноор фермерүүд илүү үнэтэй ажилчин авах эсвэл автоматжуулалт хийх шаардлагатай болж байна. Гадаад бараа импортлох нь зардал өндөртэй тул дотоодын үйлдвэрлэлд илүү анхаарах болсон. Гэвч үнийн өсөлтийг бууруулах зорилго эдгээр нөхцөлтэй зэрэгцэн биелэхэд маш хэцүү байна.

Image

Компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж байна. Учир нь гадаад бараанд тавьж буй татвар (тариф) тогтворгүй, заримдаа хэрэгждэг, заримдаа цуцлагддаг. Энэ тодорхойгүй байдал нь компаниудыг шийдвэр гаргахад саад болж байна. AI салбараас бусад салбарт хөрөнгө оруулалт сул байгаа. Хэрвээ хөрөнгө оруулалт удааширвал эдийн засаг түр хугацаанд суларч магадгүй. Гэсэн ч урт хугацаанд өсөх боломж харагдаж байна.

Image

Эрчим хүчний салбар, ялангуяа газрын тосны зах зээл ойрын үед өсөх магадлалтай. Оросоос ирэх газрын тосны нийлүүлэлт хоригтой, OPEC+ бүлэг бараг бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа, АНУ-ын үйлдвэрлэл удаан өсөж байна. Хэрвээ үйлдвэрүүд сэргэж эхэлбэл газрын тосны үнэ түргэн өсч магадгүй. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулах нь сонирхолтой боломж болж байна.

Image

Дүгнэлт

Трампын эдийн засгийн бодлого нь МакКинлийн үеийн стратегитай төстэй боловч өнөөгийн нөхцөл байдал илүү төвөгтэй. Тарифын бодлого нь дотоодын үйлдвэрлэлийг түр хугацаанд дэмждэг ч төсвийн алдагдлыг засахад хангалтгүй, хууль ёсны маргаантай. Гадаад ажилчдын бууралт, импортын зардал нэмэгдсэн нь эдийн засагт дарамт үүсгэж, хөрөнгө оруулалт удааширч байна. Эрчим хүчний салбар өсөх хандлагатай байгаа ч нийт эдийн засгийн өсөлт тодорхойгүй хэвээр байна.

Image