
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл.
2. АНУ-ын эдийн засгийн өсөлт .
3. Инфляцын нөхцөл байдал.
1. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл.
Jackson Hole-ийн уулзалтаар ХНС-ийн тэргүүн үг хэлэхдээ хөдөлмөрийн зах зээлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү өнгөрсөн 7 хоногт наймдугаар сарын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ гарсан нь эдийн засагчид болон шинжээчдийн хүлээлтээс маш доогуур үзүүлэлттэй байснаар ХНС-аас бодлогын хүүг буулгах магадлал улам бүр нэмэгдэв.
Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 4.3%-тай гарсан нь долоодугаар сарын 4.2% гэсэн үзүүлэлтээс үл ялиг нэмэгдсэн байна. Шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо 22 мянга гарсан нь эдийн засагчид, шинжээчдийн 75 мянга гэсэн хүлээлтээс маш доогуур байсан юм. Доорх график 1-д салбар тус бүрт шинээр нэмэгдсэн ажлын байрын тоог харуулсан байна.

Одоогийн хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт муу байгаа нь засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд цагаачдын ажил эрхлэлт буурч байгаа болон технологийн дэвшлийн нөлөөтэйгөөр хиймэл оюун ухаан болон автоматжуулалтаас үүдэн ажлын байрны цомхотголууд нэмэгдэж байгаатай холбоотой.
Доорх график 2-т үзүүлснээр одоогийн хөдөлмөрийн зах зээлийн дүр зураг өмнөх оны мөн үетэй харьцуулахад АНУ-ын компаниуд гадаад иргэдээс илүү өөрсдийн уугуул иргэдээ ажлын байраар хангах хандлага огцом нэмэгдэж байгааг илэрхийлж байна.

Цагаачдыг ажиллуулах нь мэдээж ажил олгогчдын хувьд уугуул иргэдээ ажлуулахаас бага зардалтай. Тэгвэл одоогоор засгийн газраас баталсан цагаачдыг цөөлөх бодлогын дагуу компаниуд (1) өндөр зардлаар Америкчуудыг ажлуулах эсвэл (2) автоматжуулалт хийх гэсэн сонголтууд тулгараад байгаа юм.
Гэхдээ доорх график 3-аас харахад шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо багассан хэдий ч нийт ажилчдын төлсөн татварын хэмжээ эсэргээрээ өсөлттэй байна. Тиймээс одоогийн АНУ-ын хөдөлмөрийн зах зээл нь эдийн засгийн хувьд доголдол үүсгэх хэмжээнд муу биш юм.

2. АНУ-ын эдийн засгийн өсөлт
Долоодугаар сарын эхээс эхлээд үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт эрчимтэй хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногуудад нэмэгдсэн тарифаас үүдэлтэй үйлдвэрлэлийн үнийн индекс нэмэгдэж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн 7 хоногоос үйлдвэрлэгчдийн бараа материалын захиалга нэмэгдэж байгаа үзүүлэлт ажиглагдаж эхэллээ. Энэ нь эдийн засгийн идэвхжилт нэмэгдэж байгаатай холбоотой юм. Үүний хажуугаар инфляцын үзүүлэлт ч буурч байгааг харахад эдийн засгийн ерөнхий дүр зураг эерэг хандлагатай байгааг илэрхийлж байна.


3. АНУ-ын инфляц
Өнгөрсөн 7 хоногт наймдугаар сарын хэрэглэгчийн үнийн индекс буюу инфляцын үзүүлэлт 2.1%-тай(жилээр) гарлаа.
Жижиг зах зээлийн үнэлгээтэй компаниудаас авсан судалгаагаар эцсийн хэрэглэгчийн үнийн өсөлт +3% руу хүрэх хандлагатай байгаа хэдий ч энэ нь шинжээчдийн санаа зовж байсан шиг тийм ч өндөр биш юм.
Одоогийн инфляцын нөхцөл байдал нь цар тахлын үеэс хойш доод түвшиндээ хүрээд байгаа нь график 5-аас харагдаж байна.

Цар тахлын нөлөөтэй үүссэн өндөр инфляц 2022 оноос хойш буурсаар байгаа. Тэгвэл график 6 нь инфляц буурч эхэлсэн үеэс хойш аль салбарын хувьцаанууд хамгийн их инфляцын бууралтаас эерэг нөлөөлөл хүртсэнийг харуулж байна. Хэдий хөрөнгийн зах зээлд улс төрийн бодлого, зах зээлийн хандлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлс нөлөө үзүүлдэг хэдий ч инфляцын хандлагатай харьцуулж үзэхэд инфляц буурсан эхэлсэн үеэс хойш эрчим хүчний салбарын хувьцаанууд хамгийн их өсөлт үзүүлсэн байна.

Дүгнэлт:
АНУ-ын хувьд, хэдий хөдөлмөрийн зах зээл муу үзүүлэлттэй байгаа ч энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэмжээнд тийм ч муу биш юм. Хөдөлмөрийн зах зээлээс бусад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн сайн хэвээрээ байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн зах зээлийн мэдээ гарснаар 9 сарын 17 нд ХНС-аас бодлогын хүүг 0.25%-иар бууруулах магадлал 90%-иас дээш болов.
Хэрэв ХНС-аас энэ сард хүүг бууруулбал үл хөдлөх, барилга байгууламж, жижиг зах зээлийн үнэлгээтэй компаниуд бусад салбаруудтай харьцуулахад өндөр өсөлт үзүүлэх боломжтой гэж харж байна.
