Хөрөнгийн зах зээл
4 min read
Хас банк (MSE: ХАС)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

2024 он Хас банкны хувьд IPO-гоо амжилттай хийсний дараах, хөрөнгийн зах зээлд хувьцаа нээлттэй арилжаалагдаж эхэлсний анхны жил болсон онцлог жил байлаа. Компани IPO хийхдээ Үнэт цаасны танилцуулгадаа дэвшүүлсэн ашигт ажиллагаа, зээлийн багцын зорилтуудаа дахин давуулан биелүүлэн ажиллажээ.

Хас Банк 2024 оныг 171.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай (өмнөх оныхоос 20.9 хувиар өссөн) хааж, өөрийн хөрөнгийн өгөөж 25.7 хувь, хөрөнгийн өгөөж 3.2 хувьд хүрлээ.

Image

Ашигт ажиллагаа

Банкны нийт цэвэр ашиг 2024 онд 171.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 20.9% өссөн ба өөрийн хөрөнгийн өгөөж 25.7 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

Балансын бүтцийг сайжруулж, эрсдэл өгөөжийн оновчтой түвшинд өсөлтийг бий болгосноор банкны ашигт ажиллагааг сүүлийн зургаан жил дараалан нэмэгдүүлсэн хэмээн мэдэгдлээ.

Орлого олдог активын томоохон хэсэг болох зээл санхүүгийн түрээсийн өсөлт 34.5 хувь байсан бол тус активт эзлэх чанаргүй зээлийн хувийг 2.0%-т хүргэн өмнөх оноос 0.9 нэгж хувиар буулгаж чадсан нь ашигт ажиллагаа нэмэгдэх гол хүчин зүйлсийн нэг болж чаджээ.

2024 оны байдлаар банкны нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 163.1 төгрөг, зах зээлийн үнэлгээ цэвэр ашгийн (P/E) 5.1 байна.

Image

Харилцах, хадгаламж

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Банкны харилцагчаас татан төвлөрүүлсэн харилцах болон хадгаламжийн нийт үлдэгдэл 3,425 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 19.1 хувиар өссөн байна.

Мөн хугацаанд нийт харилцах, хадгаламжийн дансны тоо 1.4 саяд хүрч, өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй байлаа.

Тайлант хугацаанд банк эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, зах зээлд санал болгон ажилласан байна.

Гадаад эх үүсвэр

2024 онд олон улсын санхүүгийн түнш байгууллагууд болох FMO, ADB, DEG, EBRD, Proparco, rA, Finnfund, TripleJump, DWM, Symbiotics нартай нийт 236.0 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 176.0 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн байна. Үлдэгдэл 60.0 сая ам.долларыг 2025 оны 1-р улиралд татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгдлээ.

Image

Зээлийн үйл ажиллагаа

Иргэдийн зээл

Иргэдийн зээлийн багц 34.6 хувиар өсөж 2,587 тэрбум төгрөгт, зээлдэгчийн тоо 10.5 хувиар өсөж 135,363-т хүрсэн байна. Барьцааны хөнгөлөлттэй нөхцөл бүхий эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн тоо оны эцсийн байдлаар 11,000-д, зээлийн багц 400 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.

Нийт хэрэглээний зээлийн олголтын 73 хүртэл хувь нь дижитал сувгаар хийгдэж, цахим сувгаар олгосон хэрэглээний зээлийн багц өмнөх оноос 32 хувиар өссөн амжилтыг үзүүлсэн байна.

Санхүүгийн түрээс

Хас Лизинг TM нь 2007 оноос хойш Хас Банкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн охин компани байсан. Группийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сараас эхлэн компанийн тухай хуулийн 20-р зүйлийн дагуу Хас Банктай нэгдэн, Хас Банкны Лизингийн газар болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Ногоон санхүүжилт

Хас Банк 2009 онд Эко банкны нэгж байгуулан, агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон зээлийг олгож эхэлсэн бөгөөд нийт зээлийн багцын 4.1 хувийг ногоон зээл бүрдүүлж байна. 2024 оны байдлаар бууруулсан хүлэмжийн хий 2,938,167 тоннд хүрчээ.

Image

2025 он гарснаар хувьцааны ханш өсөлт үзүүллээ.

2025 оны эхний улиралд Хас Банк (MSE: ХАС)-ийн хувьцааны ханш тогтвортой өсөлттэй байсан ба улирлын эцэст 854.06 төгрөгөөр хаагдсан нь өмнөх улирлын хаалтын ханшаас 1.94%-аар өссөн үзүүлэлт боллоо.

Сүүлийн 52 долоо хоногийн хугацаанд Хас Банк-ийн хувьцааны ханш ₮700.46-₮899.85 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Дүгнэлт

2025 онд Монгол улсын уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, мөн геополитикийн нөхцөл байдлын нөлөөлөл зэрэг макро эдийн засгийн эрсдэлүүд, тодорхой бус байдал үргэлжлэх төлөвтэй байна.

2024 оны жилийн эцсийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон 2025 оны эхний хоёр сарын дүнгээс харахад, нүүрсний экспорт буурах хандлагатай, инфляц нэг оронтой тоонд тогтворжсон, мөн гадаад валютын нөөц хангалттай түвшинд хүрсэн зэргийг үндэслэн компани нь 2025 ондоо өмнөх санхүүгийн болон бусад үзүүлэлтээ илүү нэмэгдүүлэн ажиллахаа илэрхийлж, өөрийн хөрөнгийн өгөөж болон зээлийн өсөлтийг 20-с дээш хувьд хүргэх, Үнэт цаасны танилцуулгад тусгасан ногдол ашиг тараах бодлогоо тогтвортой байлгахыг зорих болно хэмээн дүгнэн тайлагналаа.

Image