
АПУ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4-р сарын 30-ний өдрийн 14 цагт цахимаар явагдаж өндөрлөлөө. Хуралд нийт 937,370,019 ширхэг хувьцааг эзэмшигчид нийт саналын эрх бүхий энгийн хувьцааны 88.08 хувьтай тэнцэж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулах ирц бүрэн бүрдсэн. Хурлаар АПУ компанийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох төсөл, үйл явдал, шинэ бүтээн байгуулалтыг танилцууллаа. Тэгвэл 2023 оны онцлох ажил болон санхүүг нь товчлон хүргэе.

Онцлох төсөл, шинэ бүтээн байгуулалт
“Монгол бяслаг, Шигүдэри” үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Монгол Улс жил бүр импортолдог 3000 тонн бяслагийн 10 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдлээ. Үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эдийг боловсруулан, дээд зэрэглэлийн альбумин уураг, сүүний сархад үйлдвэрлэх ба эрчим хүчний хэрэглээг бууруулах боломжтой, техник, технологийн орчин үеийн шийдлээр бүтээгдсэн цогц үйлдвэр байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас 620 орчим тонн сүү хүлээн авч 62 тонн бяслаг, 11 мянган литр шимийн сархад үйлдвэрлэж байна.
Зах зээлд “Хонин нуга” брэндийн Чеддар, Гоуда, Моццарелла бяслаг, “Шигүдэри” брэндийн 500мл, 750мл-ийн савлагаатай шимийн сархдыг борлуулалтад амжилттай нэвтрүүлэн худалдаалж байна.
“Монгол сарлаг” төслийг нэвтрүүлж MONT-YAK брэндийг зах зээлд нэвтрүүлэв
Архангай аймгийн Чулуут суманд хэрэгжиж буй “Монгол сарлаг” хөтөлбөрийг 30 өрхийг хамруулан “Гэр үйлдвэрлэл”-ийн загвараар, орон нутагт нэмүү өртөг шингээн хэрэгжүүлж байна. Төслийн гол онцлог нь хуванцар савны хэрэглээг 100% халж, чанар стандартын шаардлага хангасан түүхий эдээр бэлтгэн нийлүүлэхэд оршиж байна.
Ийнхүү Mont-Yak брэндийн 9 нэр төрөл бүхий сарлагийн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ.
“West-Hub” баруун бүсийн агуулах
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, баруун бүсийн тээвэрлэлтийн хугацааг 69%, замд өнгөрүүлэх цагийг дунджаар 10 дахин бууруулах онцгой үр өгөөжийг бий болгосон “Баруун бүсийн агуулах”-ыг бүтээн байгууллаа. Энэ төсөл нь автомат агуулахын систем, цахим удирдлагын систем, санхүү, хүний нөөцийн бүх төрлийн системийн инновац шингээсэн орчин үеийн бүрэн автомат агуулах юм.
Онцлох үйл явдал
Ажилтан бүр хувьцаа эзэмшигч болов
АПУ ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн тогтоолоор “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”- ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
Спирт бал бурам ХХК- ийн 50 жилийн ой
АПУ ХК-ийн Спирт Бал Бурам ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт хагас зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.
Экспортын онцлох үйл явдал
2023 онд экспортын үйл ажиллагаа хүрээгээ тэлж Казакстан, Итали, Швейцарь, болон Герман зэрэг улсын зах зээлд амжилттай нэвтэрч эхэллээ. ОХУ руу Агар, Алтан говь, Сэнгүр, Боргио болон Тэрэлж, Сэлэнгэ брэнд, Тайланд улс руу Эден, Соёмбо брэнд, БНХАУ-д Чингис Хаан, Соёмбо, болон Eden, АНУ-ын онлайн худалдааны зах зээлд Чингис хаан брэнд, БНСУ-д Алтан говь, Eden брэнд зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортолж эхэллээ.
www.chinggiskhan.com сайтаар дамжуулан брэнд бүтээгдэхүүнээ АНУ-д худалдаалж эхлэв.
Европын зах зээлийн харилцагч, хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах, бүтээгдэхүүнээ аль ч зах зээлээс худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нидерланд улсын Ротердам хотод Олон улсын агуулах тээвэр түгээлтийн компанитай хамтарч эхлэв.
Төр, Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Монгол улсын соёлыг түгээх үйлсэд манлайлан оролцож Тайланд, АНУ, Канадын элчин сайдын яамдуудтай хамтран ажиллалаа.
2023 оны санхүү байдлын хураангуй

Компанийн нийт хөрөнгө 2023 онд 1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны оноос 21 хувиар өсжээ. Бүрэлдэхүүнээр задалбал компанийн өр төлбөр өмнөх оноос 62 хувиар, эздийн өмч 7.4 хувиар өссөн байна

Апу компани 2023 онд 171 сая.литр хэмжээний бүтээгдэхүүн борлуулж 1,105 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон байна. Энэ нь өмнөх оноос борлуултын тоо хэмжээ 8 хувиар, борлуулалтын орлого 30 хувиар тус тус өссөн дүн юм. Харин цэвэр ашиг өмнөх оноос 7 хувиар буурч тайлагнагдсан нь Дижитал концепт компанийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын нөлөөтэй холбоотой хэмээн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг дурдсан ба нөлөө богино хугацааных гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү хурлын төгсгөлд ТУЗ-ийн дүгнэлт, тайлангаар “АПУ групп компани 2023 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” гэж дүгнэсэн.