Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 90.81% буюу 734,355,468 ширхэг хувьцаа эзэмшигчид оролцсон байна.
2024 онд Голомт банкны хүүгийн орлого 1,163 тэрбум төгрөгт хүрсэн ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 38.4 хувиар, цэвэр хүүгийн орлого 18.3 хувиар өсөж, 564.6 тэрбум төгрөгт тус тус хүрэв. Тайлант онд 418.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2023 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт болжээ.
• 2024 оны санхүүгийн гол амжилтууд:
• Банкны нийт актив өмнөх оноос 4.0 их наяд төгрөгөөр буюу 34.1 хувиар өсөж, 15.6 их наяд төгрөгт хүрлээ. Ингэснээр нийт активын хэмжээгээр банкны салбарт 2-т бичигдэж байна.
• Нийт зээлийн хэмжээ 54.3 хувиар өсөж, 7.5 их наяд төгрөгт, харилцагчдын эх үүсвэр 16.7 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөгт хүрэв.
• Активын чанарын удирдлагыг амжилттай хэрэгжүүлснээр чанаргүй зээлийн харьцааг 2 хувиар бууруулж, 3.0 хувьд хүргэсэн нь банкны системийн чанаргүй зээлийн хувиас доогуур буюу сайн үзүүлэлттэй байна.
• Өөрийн хөрөнгийн өгөөж мөн нэмэгдэж 33.6 хувьд хүрсэн байна.
2024 оны онцлох үйл явдал:
• Олон улсын зах зээл дээр 450 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа.
• Зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг B2, S&P Global B+ болгон нэмэгдүүллээ.
• The Banker сэтгүүлийн Монгол улсын шилдэг банкаар зарлагдлаа.
• Монгол улсын ТОП-100 ААН 5 дугаарт эрэмбэлэгдлээ.
• 2 жил дараалан бий болгосон болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг тооцон баталгаажуулав.
2024 онд банк цэвэр зээлийн багцаа 56.0 хувиар тэлэхийн зэрэгцээ активын чанарын удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, чанаргүй зээлийн харьцааг 3 хувьд хүргэн сайжруулжээ. Хөрөнгө оруулалтын багц 26.3 хувиар өсөж, 3.0 их наяд төгрөгт хүрлээ.
Банкны үйл ажиллагааны зардал 35.2 хувиар өсөж, 270.7 тэрбум төгрөгт хүрсэн бол сан үнэлгээний зардлын хувьд 48 тэрбум төгрөгийн сан буцаасны цэвэр орлоготой гарсан нь ашгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд байна. Зардал, орлогын харьцаа 8.8 хувиар буурч, 35.3 хувьд хүрч сайжирлаа.
Ханш 2024 оны эхэнд 910 төгрөг байсан бол 2024 онд 36.4 хувиар нэмэгдэж 1242 хүрчээ. 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь 2025/04/17-ны ханшаар тооцоход ногдол ашгийн өгөөж 10.37 хувьтай байна.